Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах ажлын хэсгийн шинэ оны эхний хурал өнөөдөр боллоо. Хурлыг нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ахлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Авто замын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар нэгтгэл, “Улаанбаатар төмөр зам”, есөн дүүргийн төлөөлөл оролцлоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр “Холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгаагаас зарим бүтээн байгуулалтад зарцуулсан төсвийн хөрөнгө үр дүнгүй болох тохиолдол багагүй гарч байна. Ийм учраас газар шорооны ажил хийдэг ус суваг, цахилгаан, инженерийн байгууллагууд болон дүүргүүдийн энэ онд хийх ажлыг уялдаа холбоотойгоор зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана” гэлээ.
Мөн энэ онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг энэ сарын 8-ны дотор гаргаж ирүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.