Ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг өргөө гэртэй байсан ч хоёр жилийн өмнө түймэрт өртсөн юм. Тиймээс ахмадууд зорин ирдэг өөрийн гэсэн байртай болохын тулд хандивын аян өрнүүлж, арав гаруй сая төгрөг цуглуулан, ахмадын ордны зураг төсөв хийлгэсэн ч ахмадын ордон барих хөрөнгө улсын төсөвт тусгагдаж чадахгүй явсаар хоёр жил өнгөрч байгаа ажээ.
Төр засгаас ахмад настны хөгжил, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын талаар баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомж, хүн амын насжилтын асуудлаархи үндэсний стратегийг хэрэгжүүлж ажиллах нь Ахмадын хорооны үндсэн зорилго болдог. Үүнээс гадна 2014 онд болсон Монголын Ахмадын холбооны ээлжит бус чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэхэд ахицтай ажиллаж, 2012 онд зохион байгуулсан “Гурван үеийн алтан хэлхээ” аймгийн зөвлөгөөнөөс гарсан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэдний мэдлэг, ур чадварыг залуучуудад уламжлан өвлүүлэх тухай шийдвэрийг хэрэгжүүлэх, говийн бүсийн аймгуудын ахмадын хорооны идэвхитэн сонгуультны зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах, ахмад настанд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахыг энэ оны гол зорилт болгон тодорхойлжээ.
2015 онд Дундговь аймгийн Ахмадын хороо таван үндсэн зорилт тодорхойлсон бөгөөд үүндээ ахмадын ордонтой болох зорилгоо гурав дахь жилдээ дэвшүүлжээ.