“Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос маргааш Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд албан ёсны мэдэгдэл хийхээр болжээ.
Тус хорооноос өнгөрсөн сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, шинжлэх ухааны салбарын бүтцийн өөрчлөлтийн талаар Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэгт хандан мэдэгдэл хүргүүлсэн билээ.
Мэдэгдэл хүргүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 12 хоногийн хугацаанд шинжлэх ухааны салбарынханд албан ёсны ямар нэгэн хариу өгөөгүй байгаа тул Ерөнхий сайдыг хэлсэн үгнийхээ байр сууринд хэвээрээ байна хэмээн үзэж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээр болжээ. Энэ хугацаанд шинжлэх ухааны 1000 эрдэмтэн судлаач, түүний ар гэр, ах дүү төрөл төрөгсөд нь 2015 оныг сэтгэлийн түгшүүр, дарамттайгаар угтлаа. Эдүгээ ч энэ байдал үргэжилсээр байна. Иймд Ерөнхий сайдыг шинжлэх ухааны салбараа хэрхэн яаж авч явах, хөгжүүлэх, дэмжих тухай болон одоо үүсээд буй хүрээлэнгүүдийг их сургуультай нэгтгэх асуудлын талаар албан ёсны байр сууриа ил тод, нээлттэй илэрхийлэхийг шаардаж байна гэж түр хорооноос мэдээллээ.