Хэдийгээр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй ч МҮОНРТ-ийн удирдлагыг томилсон талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд хэд хэдэн гишүүн байр сууриа илэрхийлээд амжлаа. Су.Батболд гишүүн “Олон нийтийн радио, телевиз аливаа улс төрийн нам, улстөрчдөөс хараат бусаар ажиллах, бие даасан хуультай байгууллага. Гэтэл улс төрийн намд өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ажлаас нь татгалзуулан энэ байгууллагын даргаар томилж байгаад хуулийг нь гардан боловсруулж, батлуулсан хүний хувьд харамсаж байна” гээд Байнгын хороо үүнд анхаарах ёстойг сануулж, тус хуралдаанаар хэлэлцэх санал гаргав. Байнгын хорооны дарга А.Бакей “2013 онд тус Байнгын хорооноос Ажлын хэсэг гарч Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад, зөвлөмж хүргүүлсэн. Гэвч зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь саяхан тус байгууллагын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг нөхөн томилох үеэр харагдсан. Харин өнөөдөр (өчигдөр) энэ асуудлыг хэлэлцэх бэлтгэлгүй байгаа тул Байнгын хорооноос Ажлын хэсэг гаргаж хуулийн болон зөвлөмжийн хэрэгжилтийг шалгаж, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах саналаа оруулж ирэх хэрэгтэй” гэсэн юм. Д.Лүндээжанцан, Н.Энхболд нарын гишүүд ч эл саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингээд дараагийн хуралдаанаар дээрх чиглэлээр Ажлын хэсэг байгуулахаар боллоо.