Хотын дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой. Тэд нь санхүү, эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, экологи, ногоон хөгжил, нийгмийн хөгжлийн асуудал хариуцдаг. Энэ оны төсвийн тухай хуульд төсөвт байгууллагын дэд, орлогч дарга, зөвлөхийн орон тоог 345-аар цомхтгож, урсгал зардлыг гурван тэрбум орчим төгрөгөөр бууруулахаар хуульчлахдаа хотын мээрийн зургаан орлогчийг дөрвөөр танахаар тусгасан. Гэтэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл үүний эсрэг зогсож, зургаан орлогчоо цалингүйгээр ажиллуулах шинэ санаачилга гаргаад байна. Орлогчид ч явах тун дургүй байгаа. Зургуулаа нийлээд жилд 70 сая төгрөгийн цалин авдаг тухайгаа орлогч дарга Н.Батаа мэдэгдэж байв. Тэрбээр “Ийм хөрөнгө мөнгө хэмнэх гэж хотын их ажлыг унагаах хэрэг үү. Бид эсрэг байр суурьтай байгаа. Зургаан орлогч ажиллах ёстой. Бид ажилласнаар энэ мөнгийг хэд дахин нугалж олно. 70 сая төгрөгийн төлөө хотын ажлыг зогсоож байгаа нь УИХ-ын буруу шийдвэр. УИХ өөрсдөө төсвөө хэмнэх хэрэгтэй. Нэг яаманд хоёр дэд сайд томилж байна шүү дээ” гэж суудлаасаа ховхрохгүй байх шалтгаанаа тайлбарлаж, явах дургүйгээ илэрхийлсэн. Үүнийгээ батлан өнөөг хүртэл байсаар л байна. Цалингүй ажиллуулах шийдвэр шинэ биш.
Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөрийн дагуу нийслэлийн ИТХ өнгөрсөн оны долдугаар сарын 4-нд ийм зарчмаар ажиллах шийдвэр гаргасан. Үүнийг үндэслэн хотын захиргаанаас бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Засгийн газарт тогтоолын төсөл өрг өн барьж буй гэнэ. Тогтоолын төсөлд нийслэлийн Засаг даргын зургаан орлогч төсвөөс ямар ч цалин, хангамж авахгүйгээр ажиллахаар тусгасан байна. Энэ нь төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны чиг үүргийн давхардлыг арилгах зорилготой гэнэ. Цалингүй ажиллах орлогч даргад бүтээн байгуулалт, хөгжлийн төсөл хөтөлбөр хариуцуулж үр дүнгээр нь санхүүждэг тогтолцоонд шилжүүлэх аж. Цалингүй ч гэсэн тэдний эрх мэдэл хэвээрээ мөртлөө цалингүй учир хариуцлага үүрэхгүй ч байж болох гээд байна. Мөн суух өрөө тасалгаа, түүний урсгал зардал, унаа тэрэг, жолооч зэрэг бусад зардал нь ч хэвээрээ байна. Тэр хэрээр төсвийн мөнгө урсаж л байгаа.
Нийслэл энэ жил 180 гаруй албан хаагчаа цомхтгож, төсвөө хэмнэх шийдвэр гаргахдаа суудлыг нь ингэж харамлаагүй атал зургаагийн зургаа байдаг орлогч дарга нараа юунд хамгаална вэ. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хуульч С.Нарангэрэлээс хуульд төрийн албан хаагчийг цалингүй ажиллуулах тухай тусгасан байдаг, эсэхийг тодруулахад “Манай хуульд ийм заалт байхгүй. Цалингүй ажиллуулснаар ямар нэгэн буруу үйлдэл гаргахад нь хариуцлага тооцох аргагүй болгоно” гэсэн юм.
Ч.МӨНХ