УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр үдээс өмнө хуралдаж, 2015 оны төсвийн тодотгол, түүнтэй холбогдсон 25 хууль, нэг тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байв. Энэ удаагийн тодотголд төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр бууруулах, орлогыг бодитой төлөвлөх, Засгийн газрын өрийн таазыг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэж нэмэхээр тусгажээ. Гэвч Засгийн газарт хамтарсан намуудын байр суурийн зөрүүгээс шалтгаалан хурлыг хойшлууллаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлах талаар ярилцаж эхлэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “МАН, АН-тай Засгийн газрыг хамтран байгуулах үед тохиролцсон гурван үндсэн асуудлын нэг нь өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх. Өрийн таазын хэмжээг 70 хувьд хүргэхээр төсөлд тусгажээ. Тиймээс энэ асуудлаар намуудын болон бүлгүүдийн дарга нар, Ерөнхий сайд, ажлын хэсэгт орж ажилласан гишүүд ярилцаж, гэрээний заалтаа эргэн харах хэрэгтэй. Түүний дараа 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн М.Зоригт “Төсвийн тодотгол хэлэлцэх гэж байхад улстөрийн намуудын зөвшилцөл бүрэн дуусаагүй байна. Засгийн газартай байр сууриа нэгтгэх хугацаа өгч хэлэлцэх асуудлуудаа хойшлуулъя” хэмээн Ц.Нямдоржийн байр суурийг дэмжсэн юм. Тэднийг гишүүн Д.Дэмбэрэл, Я.Санжмятав нар дэмжсэнээр Байнгын хорооны дарга Б.Болор хуралдааныг хойшлуулсан. Төсвийн орлогыг бодитой төлөвлөх, зардлыг нэг их наяд төгрөгөөр танахыг улс төрийн хүчнүүд санал нэгтэй дэмжиж байгаа. Харин өдгөө манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 53 хувьтай дүйх болсон Засгийн газрын өрийн таазыг нэмэх асуудал төсвийн тодотголыг сунжруулах шинжтэй байна. МАНын бүлгийн дарга С.Бямбацогт өрийн таазыг өндөрсгөх байр суурийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэв. Тэрбээр “Валютын хомсдолоос үүдсэн санхүүгийн хямралыг өр тавих хамгийн хялбар аргаар шийдвэрлэх гэж байна. Валютын урсгалыг сайжруулахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай” гэсэн гарц хэлэв.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор “Намын бүлгүүд төсвийн тодотголыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдсэн гэж ойлгосон. Гэтэл манай намын бүлгийн гишүүд хүртэл өрийн таазыг нэмэх эсэхийг эргэн харах нь зүйтэй гэж үзэж байна” гэв. Тэрбээр орон нутагт ажиллаад даваа гаригт Улаанбаатар иржээ. “Төсвийн тодотголын төсөлтэй цухасхан танилцлаа. Ихээхэн учир дутагдалтай санагдаж байна. Би хувьдаа татвар нэмэхийг дэмжихгүй. Эдийн засаг хүндэрсэн үед татвар нэмдэггүй юм. Тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг танах гэх мэтээр төсвийг хэт хумисан байна. Эдийн засгийн хүндрэлээс тэлэх бодлогоор гардаг. Тиймээс тодотголыг сайтар авч хэлэлцэнэ” гэж Б.Болор гишүүн нэмж хэлсэн. Өрийн тааз төдийгүй шинэ татвар бий болгох, тэтгэмжийг танах саналыг УИХ нухацтай хэлэлцэх бололтой.
Төсвийн байнгын хороо орой хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Д.Ганхуяг гишүүнээр ахлуулан байгуулав. Мөн энэ үеэр тус Байнгын хороо Онцгой албан татвар, Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжсэн юм.
Т.ЭНХБАТ