Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 67 дугаар байрны 164 айл эхнээсээ усанд автах болжээ. 2009 онд ашиглалтад орсон тус байрны шугам хоолой нь байсхийгээд л задарч, ус алддаг болоод удаж буй. Энэ нь барилгад чанарын шаардлага хангаагүй шугам хоолой ашигласнаас болжээ. Иргэн О.Чулуун-Эрдэнийн ариун цэврийн өрөөнийх нь халуун усны шугам хагарснаас өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-ны 05.00 цагт ус алдсан байна. Гал тогоо болон ариун цэврийн өрөөнийх нь агааржуулагчаар яах ийхийн зуургүй ус урсаж, хана таазнаас нь ус дусалж эхэлсэн гэнэ. Хоёр жаахан хүүхэдтэй эхнэр нөхөр хүүхдүүдээ гэх үү, усаа шавхах уу гэсээр хугацаа алдсанаас шалаар нь 20 см ус нэлийжээ. Харин хүүхдүүд нь гэртээ анх удаа ийм их ус байгааг хараад шумбаж тоглосон гэнэ. Хаалгаа нээхэд ус хөршүүдийнх рүү нь орж, бас орцны үүдэнд ус тогтжээ. Дуудлага өгч, байраараа усаа хаалгаснаар аюул зогссон гэнэ. Хивс, тавилга, бичиг баримт, хувцас хунар нь усанд норж, тоос сорогч, гар утас, зургийн аппарат нь эвдэрчээ. Паркетан шал нь норсноос түмбийж, хөгцөрсөн байна. Тиймээс шүүхэд хандан 12 сая гаруй төгрөгийн хохирлоо барагдуулахаар бичиг баримтаа цуглуулж эхэлж. Гэрийнхээ тавилгыг хатаахаар гэр хороололд аваачин, паркетан шалаа хийхийн тулд айлд хагас сар орчим амьдарчээ. Ингээд байраа засаж, янзлаад удаагүй байтал өнөөх шугам нь өчигдөр 03.00 цагийн орчимд дахин задарч, ус алдсан байна. Азаар газарт унтаж байсан хүн ус алдаж байгааг мэдсэнээр хивс, зарим эд хогшлоо норохоос хамгаалж чадсан ч шалан дээр тогтсон усны хэмжээ 10 см-т хүрчээ. Ингээд мөн л байраараа халуун усаа хаалгасан байна.
О.Чулуун-Эрдэнийн эхнэр М.Ганжаргал “Энэ барилга “Аморе” зочид буудлын эзэн Манлай захирлын хувийн өмч гэсэн. Түүнд хандахад “Барилга ашиглалтад орсноос хойших гурван жилийн хугацаанд ямар нэг асуудал гарвал бид хариуцна. Энэ барилга ашиглалтад ороод 6-7 жил болж байна. Тиймээс бид хариуцахгүй” гэсэн ч паркетан шалны мөнгө гээд нэг сая төгрөг өгч “Өөр зүйлээр тусалж чадахгүй. Тэгээд шүүхэдвэл шүүхэд” гэсэн. Өнгөрсөн удаа ус алдахад бид цоорсон шугам хоолойг тайрч сольсон. Гэтэл дахиад л өөр хэсгээрээ цоорчихлоо. Одоо дахиад ус алдахгүй гэсэн баталгаа алга. Өмнө нь хоёр ч удаа жорлон бөглөрч, алчуур хатаагч задарснаас ус алдаж байсан. Манай байрны 67 айл алчуур хатаагчаа сольсон гэсэн. Энэ нь шугам хоолой чанаргүйг харуулж байна.СӨХ-ноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн байсан” гэв.
Эднийх шугам хоолойгоо засахын тулд дээд айлынхаа шалыг цоолсон гэнэ. Солиод удаагүй паркетан шалаа ч тэд дахиад л хуулж байлаа. Зөвхөн эдний шугам хоолой эвдрээд, ус алдаад байна уу гэвэл үгүй. Олон айлын шугам хоолой задарч, ус алдсан гэнэ. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө 07 тоот айлын хүйтэн усны шугам задарснаас бас ус алджээ. Түүнчлэн гарааш нь усанд автаж, үүнээс болж цахилгаан шат нь ажиллахгүй болох нь ч бий. Иймээс ч айлууд СӨХ-ныхоо мөнгийг өгөх дургүй байдаг тул СӨХ-ны дарга нь иргэдийн гомдлыг цуглуулан шүүхэд хандахаар зэхэж байсан ч орцондоо хүнд зодуулан эмнэлэгт хүргэгдсэн байна. Оршин суугчид үүнийг “Тохиолдол биш” хэмээн хардаж буйгаа хэлж байлаа. Өчнөөн мөнгөөр авсан орон сууцандаа тав тухтай амьдрах нь бүү хэл голын эрэг дээр буучихаад бороо орохоор үерээс айж суудаг хүн шиг, хэзээ шугам хоолой цоорч, ус алдах бол гэхээс эмээн тайван ч унтаж чаддаггүй гэнэ.
Тус орон сууцыг “Гүнжмөрөн” компанийн захиалгаар “Хаштуул” компани барьжээ. Иргэдийн мэдээллийн дагуу захирал Манлайтай утсаар холбогдоход “Энэ байр ашиглалтад ороод долоон жил болж байна. Монгол Улсад хэрэглэж байгаа сантехникийн материал ашигласан. Халуун ус 50-55 градустайгаар хэрэглэгчдэд очих ёстой. Усны температур тохируулагч автомат хаалтны тохиргоо алдагдахаар ус 60-70 градуст хүрч, шугам хоолой задардаг юм байна. Үүнийг мэдээд контортой нь ярьж, автомат тохиргоог нь тохируулсан. Гэтэл дахиад тохиргоо нь алдагдаж, шугам хоолой задарсан. Орон сууцны конторт нь үүнийг хэлтэл тийм тохиргоо хийдэг хүн тэднийд байдаггүй юм байна. Барилга ашиглалтад орсноос хойших гурван жилийн хугацаанд асуудал гарвал бид хариуцлага хүлээнэ. Гэтэл тэр хугацаа өнгөрөөд удаж байна. Орон сууц миний нэр дээр байдаггүй. Иргэд барилга бариулсан газраас буруу хайгаад байна. Орон сууцны контор байрыг шалгаж, хүлээж авдаг” гэв. Түүнээс албан тушаалыг нь асуухад “Би захиалагч компанийн захирал биш. Захирал нь С.Лхамноржин гэж эмэгтэй хүн байдаг. Би компанийн менежер нь” гэлээ.
С.БУМ-АЮУШ: СҮҮЛИЙН 20-ИОД ХОНОГТ ДӨРВӨН АЙЛЫН ШУГАМ ЦООРСОН
Үүсээд байгаа асуудалтай холбогдуулан тус орон сууцыг хариуцдаг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх XII төвийн ахлах инженер С.Бум-Аюушаас зарим зүйлийг тодрууллаа.
-67 дугаар байрнаас танайд хэр их дуудлага ирдэг вэ?
-Манайх III, IV хорооллын 76 байр хариуцдаг. 67 дугаар байрнаас дуудлага их ирдэг. Алчуур хатаагч нь цоорсноос оршин суугчдын 60 орчим хувь нь сольсон. Гэтэл сүүлийн үед усных нь шугам хоолой цоороод байх боллоо. Сүүлийн 20 орчим хоногт дөрвөн айлын шугам цоорсон.
-Юунаас болж цоороод байна вэ. Шугамаар хэт халуун ус явуулбал цоордог гэсэн үнэн үү?
-Шугам сүлжээний чанараас л болж байгаа.
-Энэ байрны шугам хоолой стандартын шаардлага хангадаг уу?
-Стандарт харахаар тэднийх шиг шугам хоолойг 25 жил ашиглана, энэ хугацаанд гэмтэл гарахгүй гэсэн байсан. Тэгэхээр эднийх чанарын шаардлага хангахгүй шугам хоолой ашигласан гэсэн үг. Энэ мэт хохирол учруулж байгаа барилга ганц эднийхээр зогсохгүй олон бий. Компаниуд хямдыг нь бодож, шаардлага хангахгүй материал сонгож байна. Барилгын компаниуд биднийг “Та нар хэт халуун ус өгснөөс шугам хоолой цоорлоо” гэдэг. Барилгын норм ба дүрэмд халуун ус 55-60 градус байна гэж заасан байдаг. Яг өнөөдрийн байдлаар иргэдэд халуун ус 52 градустай очиж байна.
-Танайх барилга барьсан компанид шаардлага тавьсан уу?
-Тавилгүй яах вэ. Хэд хэдэн удаа албан бичиг хүргүүлсэн. Монгол Улсад ашиглаж болно гэсэн шугам сүлжээг ашигласан гэсэн тайлбар өгдөг.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ