“Саусгоби сэндс” компанийн захирлаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, санхүүгийн менежер Филиппиний иргэн Кристобал Дэвид, Хиларион Кажуком нарт холбогдох, татвараас зайлсхийсэн гэх хэрэгт өнгөрсөн оны сүүлчийн өдөр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд дахин шилжүүлжээ. Уг нь энэ хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн зургадугаар сард шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн. Шүүх наймдугаар сарын 25-27-нд хэргийг хэлэлцээд зарим шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгуулах гэх зэрэг шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Дээрх хүмүүсийг “Саусгоби сэндс” компанид удирдах албан тушаал хашиж байхдаа буюу 2007-2010 онд 40 гаруй тэрбум төгрөгийн татвар Монгол Улсад төлөөгүй хэмээн буруутгаж буй. Энэ хэрэгтэй холбогдуулж, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аараа дамжуулан сенатын хоёр гишүүн нь Жастин Каплагийн хилийн хоригийг цуцлахыг шаардан, манай хууль хяналтын байгууллагад нөлөөлөхөөр оролдсон билээ. Тус хэрэгт холбогдогчдыг шалгахдаа хүний эрх зөрчиж байна гэсэн мэдэгдэл НҮБ-аас ирсэн гэх мэдээлэл саяхан цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл манай Хууль зүйн яам, прокурорын байгууллагад ийм албан тоот ирээгүй гэдгийг эх сурвалж хэллээ.
Г.РАВЖАА