Шувууны томуугийн H5N6 вирус хүнд халдсан тохиолдол Хятадад гарчээ. Энэ нь лабораторийн шинжилгээгээр батлагдсаныг БНХАУ-ын Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооноос ДЭМБ-д мэдээллээ. Халдвар авсан хүн тэтгэвэрт гарсан, 58 настай эрэгтэй. 2014 оны арванхоёрдугаар сарын 4-нд халуурч, халуун нь буухгүй байсан тул тав хоногийн дараа эмнэлэгт хэвтсэн аж. Түүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Халдвар авсан байж болзошгүй таван хүнийг эмчийн хяналтад авсан агаад тэднээс одоогоор шувууны томуугийн шинж тэмдэг илрээгүй байгаа аж.
Тэгвэл шувууны томуугийн бас нэг вирус Хонконг улсад бүртгэгдлээ. H7N9 вирусээр нэг хүн өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан тухай Хонконгийн Эрүүл мэндийн газраас ДЭМБ-д мэдээлэв. H7N9 вирус одоогоор 470 хүнд халдаад байгааг шинжилгээгээр тогтоожээ. Тэдний 182 нь нас барсан байна.