Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шао Лунтай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалтын үеэр ярьсан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Хятадад татваргүй, хэмжээ харгалзахгүй экспортлох тохиролцоог ажил хэрэг болгохоор салбарын яамны хийж буй ажлыг дэмжиж, туслахыг түүнээс хүссэн юм. Бээжин хотод болсон хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын Ажлын хэсгийн VI хурал, хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын дэд сайдын түвшний ажил хэргийн уулзалтаар Монгол Улсын зүүн бүсийн аймгуудад шүлхий, малын гоц халдварт өвчингүй тайван бүс бий болгож, мах экспортлох боломж бүрдүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцсон. Түүнчлэн Хятадын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чинхайтай элчин сайд Ц.Сүхбаатар уулзахдаа үхэр, хонь, ямааны мах, адууны дайвар бүтээгдэхүүн, бууз, банш, гурил, малын тэжээл, өвс экспортлох, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн дамжин өнгөрөх үеийн хорио цээрийн нөхцөлийг сайжруулах хэлэлцээ хийх хүсэлтээ илэрхийлсний дагуу ажил хэрэг болгохоор ХХААЯ-ныхан ажиллаж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн онд Баян-Өлгий аймагт гарсан шүлхийн тохиолдолд хяналт, хориг тавьсантай холбогдуулан холбогдох арга хэмжээг авч, хориг цуцлуулах албан хүсэлт, дүгнэлтийн хамтаар БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газарт хүргүүлсэн. Хориг цуцлагдсанаар энэ бүсээс үхэр, хонь ямааны махыг тус улсад экспортлох боломж бүрдэх юм. Өдгөө хоёр орны хил орчмын аймаг, мужууд хоорондын худалдаа, хамтын ажиллагааны сонирхлыг харгалзан Дорнодын Баянхошуу-Өвдөг боомт, Сүхбаатарын Бичигт-Хатавчийн боомтоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өвс, тэжээл экспортлох, үржлийн мал, бусад орц импортлох боломжийг бүрдүүлэхийн тулд Засгийн газраас хорио цээрийн хяналтын нөхцөл бүрдүүлэх шийдвэр гаргасан байна.