Монголын ШУА-ийн хүрээлэнгүүдийг татан буулгаж их сургуулиудад нэгтгэх гэж буйтай холбоотой эсэргүүцлээ илэрхийлэн жагсч байсан эрдэмтэд тэмцлээ түр зогсоож буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Эрдэмтдийн төлөөлөл өчигдөр 17 цагийн орчимд салбарын сайд Л.Гантөмөртэй албан ёсоор уулзсаны дараа ийм шийдвэр гаргахад хүрчээ.
“Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос зохион байгуулсан хэвлэлийн хуралд ШУА-ийн академич, МУИС-ийн профессор, багш Д.Амарсайхан, Шинжлэх ухааны ҮЭ-ийн дарга П.Баяр нар оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Шинжлэх ухааны ҮЭ-ийн дарга П.Баяр хэлэхдээ, “Бид өмнө нь Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлсэн. Одоогийн байдлаар Ерөнхий сайдаас хариу, албан бичиг ирээгүй байна. Өчигдөр орой салбарын сайдтайгаа уулзлаа. Л.Гантөмөр сайд Монгол Улсад шинжлэх ухаан хэрэгтэй. Шинжлэх ухааны байгууллага хөгждөгөөрөө хөгжих ёстой, харин өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлсэн. Бид үүнийг 100 хувь дэмжиж байна. Шинжлэх ухааны байгууллагуудыг их, дээд сургуульд нэгтгэж болно. Гэхдээ өнөөдөр цаг нь болоогүй байна. Хоёрдугаарт их, дээд сургуулиуд судалгааны биш сургалтынх, өөрсдөө өөрчлөлт шинэчлэлтийн эхний шатандаа явж байна. 2015 оны Монгол Улсын төсөв баталсан. Энэ ондоо санхүүжүүлэх байх. 2016, 2017 оноос эхлэн энэ салбарыг санхүүжүүлж чадахгүй. Мөн их, дээд сургуулиуд оюутны сургалтын төлбөрөөр санхүүждэг байгууллага. Тэгэхээр шинжлэх ухааны салбарыг давхар санхүүжүүлэхээр хүмүүс нь ажилгүй болно, ажлаасаа гарна. Ингээд шинжлэх ухааны байгууллага мөхөх аюулд орно гэсэн үг” гэв.
Шинжлэх ухааны байгууллагуудад өөрчлөлт хийж, хөгжүүлж сайжруулна гэдэгтэй эрдэмтдийн зүгээс санал нийлж байгаа ч их дээд сургуулиудтай нэгтгэхийг хүчтэй эсэргүүцэж байгаа юм.