Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн банкинд ОХУ-ын иргэн хуурамч валют солиулах гэж байгаад баригдсан байна. Тэрээр банкны ажилтан Н-ээр үйлчлүүлж рубль солиулах хүсэлт тавьжээ. Харин банкны ажилтан рублийн цаас хэтэрхий нимгэн байгаа талаар дээд албан тушаалтандаа мэдэгдсэнээр цагдаагийн байгууллагад хандсан байна.
Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгахад ОХУ-ын иргэн 55 настай О.Г нь согтуурсан үедээ хуурамч 7000 рубль солиулсан аж. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр рубль солиулсан иргэн ОХУ-ын барилгын компанийн томоохон албан тушаалтан гэнэ. Цагдаа нар хуурамч рублиэр гүйлгээ хийсэн этгээдээс мэдүүлэг авахад “Нутаг руугаа яваад ирэхдээ банкнаас авсан мөнгө. Хуурамч гэдгийг нь мэдсэнгүй” хэмээжээ.