Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хөгжүүлэх Монгол, Хятад, Японы хамтарсан түншлэлтэй хийж буй хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээ өнгөрсөн даваа гаригт эхэлсэн бөгөөд талууд өчигдөр хоёр дахь удаагаа хуралджээ. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг “Тавантолгой уурхай, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа”, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам” гэсэн дэд хэсгүүдэд хуваагдан, хөрөнгө оруулагчаар шалгарсан консорциумтай уулзалт зохион байгуулжээ.
Уурхай, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны Дэд ажлын хэсгийн хурлаар талууд мэдээлэл солилцож, холбогдох гэрээ хэлцлийг хөрөнгө оруулагчийн талд танилцуулжээ. Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь болон холбогдох албаны бусад хүн, консорциумыг бүрдүүлж буй Хятадын “China Shenhua Energy”, Японы “Sumitomo”, Монголын “Energy Resources”-ийн төлөөлөл эл хэлэлцээрт оролцсон аж. Харин төмөр замын асуудлаарх Дэд ажлын хэсгийн хуралдаанд Монгол Улсын сайд М.Энхсайхан, Зам, тээврийн яамны Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” компанийн захирал П.Батсайхан оролцож, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээ хэлэлцээрийг хөрөнгө оруулагчийн талд танилцуулж, шаардлагатай мэдээллээр хангахаар тохиролцсон тухай Ажлын хэсгийн гишүүд мэдээлж байна. УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол, Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу хөрөнгө оруулагч тал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Дашрамд дурдахад, төмөр замын шугамын дээд, доод бүтэц болон гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж, өртөө, зөрлөг, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол холбоо, мэдээллийн барилга байгууламж, гарам, хориг хашаа зэрэг техник технологийн иж бүрдлийг төмөр замын суурь бүтэц гэх ойлголтод хамааруулан үздэг юм байна.
Б.ЦЭЦЭГ