Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам (хуучнаар)-наас өгсөн үүргийн дагуу Төв аймаг 2013 онд 99 сая төгрөгөөр 16.000 боодол өвс, тэжээл бэлтгэж нөөцөлжээ. Үүний 1000 боодлыг нь өнгөрсөн жил хэрэглэсэн бол 15.000 нь Баянхангай, Зуунмод суманд байгаа аж. Тус аймгийн ИТХ-аас ажлын хэсэг томилон тэрхүү өвсний хадгалалт, хамгаалалтыг хянуулсан байна. Ингэхэд Зуунмод сумын цэвэрлэх байгууламжийн хашаанд хураасан өвс дээр, дороосоо ялзарч, бохирын муухай үнэр шингэн, 30-40 хувь нь буюу 4500-6000 боодол өвс хаягдал болсон байжээ. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 27.843.750-37.125.000 төгрөг ялзруулсан гэсэн үг. Энэ талаар өчигдөр ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцээд, гэм буруутанд хариуцлага тооцохоор болов. Ялзраагүй үлдсэн өвсийг дөрөвдүгээр сарын 15-наас өмнө өөр газарт шилжүүлэн хураахыг холбогдох албаныханд даалгалаа.