Шинэ ерөнхий сайдын шийдлийн Засгийн газар бий болсноос хойш хасна, танана, ажилчдыг цомхотгоно гэх болгоомжлол бараг хүн болгонд төрөөд буй. Цомхотголд өртөх вий гэсэн айдсын зэрэгцээ цалин тэтгэвэр нэмэгдэх болов уу? Хүүхдийн мөнгө яах вэ, оюутны 70 мянга юу болж байна гэсэн нийгмийн халамжийн бүх асуудал нийгэмд эргэлзээ бий болгосон.
2015-2016 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийг хангах гурван талт улсын хэлэлцээр хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн орлогыг хасна, танана, ажилчдыг цомхотгоно гэсэн Засгийн газрын шийдвэрийг төрийн үйлчилгээний албан хаагчдын ҮЭ-ийн холбоодоос өнөөдөр эсэргүүцэж олон нийтэд хандлаа.
Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг, дэд дарга Д.Саранцэцэг, Ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбооны ахлах мэргэжилтэн Ганхүрэл нар оролцов.
Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлагийн ажилтны ҮЭ-ийн холбоод шийдвэр гаргах түвшний хурлаа хийж, шуурхай ажлын хэсэг, штаб байгуулан хамтын тэмцэл хийхээр болжээ.
Тэд Улсын гурван талт хэлэлцээр үр дүнд хүрэхгүй, УИХ, Засгийн газар цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхгүй, нийгмийн хамгааллын зардлуудыг танах байр сууриа өөрчлөхгүй тохиолдолд хамтын маргаан үүсгэх, жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр хуулиар олгосон эрхийнхээ дагуу ажиллахаар бэлтгэл ажилдаа орсон гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Тэд нийгмийн хамгааллын асуудлыг хүрсэн түвшнээс бууруулахгүй байх, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг тусгах шаардлагыг тавьж байгаа юм.
Чингэлтэй дүүргийн 39 дүгээр цэцэрлэгийн бүлгийн дарга Ш.Даваажав “Би 25 жил боловсролын салбарт ажиллаж байна. Цэцэрлэгийн багш нар өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажилладаг. Ажлын ачаалал их байдаг. Нэг ангид ноогдох хүүхдийн тоо олон байдаг. Уртасгасан цагаар ажиллах тохиолдол ч цөөнгүй бий. Мөн туслах багш нарт илүү цагийн мөнгө олгодог баймаар байна гэсэн саналыг цэцэрлэгийн багш нар хүргүүлсэн” гэж ярилаа.
Тэгвэл эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдад тулгамдаад байгаа асуудал, үүсээд буй нөхцөл байдлын талаар Гуравдугаар амаржих газрын мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний эмч Д.Болормаагаас зарим зүйлийг тодрууллаа
-Эмч нарын цалин, хангамж муу байна гэлээ. Таны цалин хэд вэ?
-Миний үндсэн цалин 560.000 төгрөг. Энэ салбарт долоо дахь жилдээ ажиллаж байна. Би нарийн мэргэжлийн эмч болохын тулд найман жил суралцсан. Амьдралын ихэнх хугацаагаа энэ салбарт зориулаад би өнөөдөр ийм цалинтай ажиллаж байна. Үнийн өсөлт, инфляцийг аваад үзвэл 500 мянган төгрөгтэй хүний амьдралын түвшин ямар байх билээ. ЭМШУИС-ийн гаргасан судалгаагаар 2013-2014 оны байдлаар инфяцийн түвшинтэй харьцуулан эмч нарын орлогыг тооцолоход бидний худалдан авах чадвар 30 хувиар буурсан судалгаа гарсан. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд бидний цалин хэвээр байна. Үнийн өсөлт цаашид нэмэгдсээр л байна. Ингэх тусам амжиргааны түвшин улам л буурна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүмүүсийн олонхи нь эмэгтэйчүүд байдаг. Өрх толгойлсон эхчүүд ч олон. Ийм цалингаар ар гэрээ авч явах боломжгүй юм.
-Ачаалал ямар байгаа вэ. Иргэдэд эмнэлэгийн үйлчилгээг бүрэн авч чадахгүй байгаа бухимдал үүсээд байна. Энэ талаар?
-Шал, коридорт хэвтэн эмчлүүлэхээс аваад бүх эмнэлэгийн ачаалал их байгаа. Гуравдугаар амаржих газар 45 орны төсөвтэй. Баянзүрх дүүрэг хамгийн их хүн амтай. Бараг 300 гаруй мянган хүнтэй.45 орон дээр сардаа 80-90 хүн үйлчлүүлдэг. Манай эмнэлэгийн орны мэдээ гарахаар 180-200 хувийн ор ашиглалттай гэж гардаг. Төрөх эмнэлэг 75 хувийн ор ашиглалттай байхад хэвийн гэж үздэг. Тэгэхээр зарим хүнийг коридороор авах шаардлага гарна. 45 оронд 80-90 хүн авахаар эмч нарын ачаалал ихэсдэг. Орны тоонд заасан төсөвт илүү хүн авахаар эмнэлэгийн тусламж, үйлчилгээ ч хүртээмжгүй болж, багасаад ирнэ.
Тэд тавьж буй санал шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд хамтын маргаан үүсгэж тэмцэлээ үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Засгийн газрын байр суурийг эсэргүүцэж эрүүл мэнд, боловсрол, соёл урлагйихан маргааш Сүхбаатар талбайд 12.00-15.00 цагийн хооронд жагсах гэнэ.
М.Болорцэцэг