Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар монголчууд 2.995.949-үүлээ болж, 2014 онд хамгийн олон буюу 82.839 хүүхэд төржээ. Монголчууд олуулаа болж буй нь сайн хэрэг ч саар зүйл бас байна аа. Хүн ам өсөхийн хэрээр шоовдор хүүхдийн тоо нэмэгдэх нь. Улсын, хувийн, хувилбарт, тусгай, гэр цэцэрлэг гээд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан гэж хэлж болох бүхнийг оруулахад улсын хэмжээнд таван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Нийслэлд л гэхэд цэцэрлэгийн насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь шоовдорлогдож буй. Тодруулбал, 2-5 насны 106.560 хүүхдийн 25.077 нь цэцэрлэг хүрэлцээгүйгээс болж сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэггүй. Мөн хувьсах зардал болон хоолны мөнгө авалгүй хохирдог. Өөрөөр хэлбэл, энэ хүүхдүүд, тэдний эцэг эх төрөөс дэмжлэг авч чадахгүй ялгаварлагддаг гэсэн үг. НҮБ-ын Хүн амын сангаас 2013 онд хийсэн судалгаагаар харах хүнгүйгээс болж жилд 95 буюу сард дунджаар 15 хүүхэд энддэг гэсэн сэрдхийм дүн гарчээ.
Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолоор баталсан байдаг. Хувьсах буюу норматив зардал гэдэг бол нэг хүүхдийг сургахад гарч байгаа үйл ажиллагааны зардал бөгөөд үүнийг улсын төсвөөс цэцэрлэгүүдэд олгодог. Энэ нь нийслэл, аймаг, сумын цэцэрлэгээсээ хамаараад жилийн 705.500-871.600 төгрөг байдаг аж. Тодруулбал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нийслэлд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа нэг хүүхдийг сургахад улсын төсвөөс сард 70.500, жилд 705.000 төгрөг зарцуулдаг. Ингээд зогсохгүй улсаас хоолны мөнгө гэж нэг хүүхдэд сард нэмж 36.300 төгрөг олгодог. Өөрөөр хэлбэл, хувь, хувьсгалын аль ч цэцэрлэгт хамрагдаж байгаа нэг хүүхдэд сард 116.800 төгрөг улсаас олгодог хэрнээ цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаад нь нэг ч төгрөг өгдөггүй нь төр хүүхдүүдээ шоовдорлож буй хэрэг биш гэж үү. Хувийн цэцэрлэгүүдэд энэ мөнгийг өгөхгүй гэсэн мэдээлэл гарсан ч БСШУЯ-ныхан үүнийг үгүйсгэж, 2015 онд төрийн бус өмчийн нийт 302 цэцэрлэгийн 26.826 хүүхдийн хувьсах зардалд 17.2 тэрбум төгрөг олгохоо мэдэгдсэн. Тэгсэн хэрнээ гэртээ байгаа 50 мянган хүүхдийг хүн гэж үзсэнгүй.
Уг нь өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт олгож байгаа мөнгийг хүүхдээ хараад гэртээ суугаа ээжид олгож болмоорсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуульд нэр дэвшихдээ “Цэцэрлэг хүрэлцээгүй энэ үед хүүхдээ харж байгаа ээж, эсвэл гэртээ ач, зээгээ хардаг эмээ ойр хавийнхаа айлуудын тав, түүнээс дээш хүүхдийг тохьтой орчинд хамт хараад хувьсах зардлын мөнгийг цалин болгож авч байя. Аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ ажилчдынхаа хүүхдэд бичил цэцэрлэг байгуулж ажиллуулъя. Эцэг эх нь өглөө ажилдаа ирэхдээ хүүхдээ авчирч өгөөд, өдөр хамт цайндаа орж, орой тарахдаа аваад харьдаг байвал сэтгэл амар байх болно. Ингэвэл 10-аад мянган эмэгтэй хүүхэд харж ажилтай болно. Бас 100 гаруй мянган аав ээж ажил эрхлэх боломжтой болно” гэж ярьж байлаа. Үүнээс хойш Ерөнхийлөгч болон УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулсан ч өдий хүртэл ажил хэрэг болсонгүй. Ийм үйлчилгээ бий болбол гэртээ хүмүүждэг хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээс гадна хувьсах зардал болон хоолны мөнгө авна гэсэн үг. Хэрэв Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдахгүй бол яах вэ. Ээжүүд хүүхдээ хараад гэртээ суух уу, эрсдэлд үлдээгээд ажилдаа явах уу гэсэн хоёрхон сонголттой л нүүр тулах нь тодорхой. Сар бүр 16 хүүхдийн амь насыг золиосолсоор, эсвэл ажилгүй иргэдийнхээ тоог нэмсээр байх гэж үү.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.Гантулга: Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардалд жилд 17 тэрбум төгрөг өгдөг
БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Цэцэрлэг хүрэлцээгүйгээс сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байгаа хүүхдүүдэд хувьсах зардал олгож болох уу?
-Олгох боломжийг судалж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ажлын хэсэг гарч Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсрууллаа. Би энэ Ажлын хэсэгт ажилласан. Ерөнхийлөгчийн санаачилсан Бичил цэцэрлэг буюу Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдвал цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, хувьсах зардал болон хоолны мөнгө авна.
-Хүүхэд харах үйлчилгээг ямар газарт явуулах вэ?
-Зориулалтын орчин бүрдүүлсэн газар, нэг төвд 20-иос илүүгүй хүүхэд байлгах ёстой. Зориулалтын орчин бүрдүүлсэн газарт тусгай зөвшөөрөл олгосноор үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Тэрнээс хүн амьдарч байгаа айлд хүүхэд цуглуулаад харж болохгүй. Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардалд жилд хэдэн төгрөг төсөвлөдөг вэ? -Жилд дунджаар 17 тэрбум төгрөг олгодог.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ