УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Мелони К.Линдберг болон тус сангийн Байгаль орчны төслийн менежер Жонатан Стэеси, ахлах зөвлөх П.Болормаа нарыг хүлээн авч уулзав. АНУ-ын Азийн сан нь байгаль орчны чиглэлээр, тэр дундаа 2007 оноос хойш хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөрүүдийг манайд хэрэгжүүлж ирсэн юм. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх төслийн хоёрдугаар үе шат өнгөрсөн оноос эхэлж, бичил уурхайд тохирсон нөхөн сэргээлтийн аргачлал боловсруулсан байна. Тухайн орон нутгийн байгаль орчинд нийцүүлсэн уг аргачлалыг найман сумын 73 га газарт туршиж үзсэн нь үр дүнгээ өгсөн тухай Байгаль орчны төслийн менежер Жонатан Стэеси салбарын сайдад онцлон дурджээ. Гол нь уг ажлын үр дүнд бичил уурхайн талбайд нөхөн сэргээлт хийх боломжтойг харуулж байгаа нь ихээхэн ололт гэнэ. Тиймээс цаашид уг аргачлал дээр үндэслээд бичил уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг орон нутгийн засаг захиргааны удирдлагуудтай хамтарч хийхээр төлөвлөсөн байна. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ажлыг бодитой болгох, нөхөн сэргээлт хийх орчин үеийн дэвшилт технологийг нутагшуулах чиглэлээр тууштай ажиллахаа хэлээд, талуудын хооронд өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн, үр дүнтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.