Нийслэлийн Хан-Уул дүүргийн комбинатын гэгдэх “Нэхмэлийн шарын орон сууц”-уудыг нурааж шинэ орон сууц барих ажил олон жил яригдсан бөгөөд удахгүй бодит ажил болж хэрэгжих шийдвэр гарчээ.
“Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах журам”-ыг өнгөрсөн онд баталж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар эхний ээлжинд 21 барилгыг дахин төлөвлөхөөр болсон юм. Төсөл хэрэгжүүлэгчдийг сонгон шалгаруулах урилгыг таван багцад зарласны дагуу зургаан аж ахуйн нэгж найман багц төсөл ирүүлснээс нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байруудад “Фүжи холдинг ББСБ” ХХК, 3, 4, 8, 9 дүгээр байруудад “Рендер бау” ХХК, 15, 19 дүгээр байруудад “Нутгийн буян групп” ХХК шалгарсан юм. Дахин төлөвлөлт хийснээс хойш хэл ам дагуулсан нэхмэлийн шарын байруудыг шинэчлэн барих барилга угсралтын компанийн сонгон шалгаруулалт нэг мөр болж байна.
Энэ шалгарсан компаниуд оршин суугчидтай зөвшилцөлд хүрч ирэх 3 дугаар сарын 1-нээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж түрээсийн байранд оруулж, 5 дугаар сараас барилгын ажлаа эхлэхээр төлөвлөжээ. “Фүжи холдинг ББСБ” ХХК гэхэд л төслийг 24 сарын турш хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн хугацаанд оршин суугчдын амьдрах түрээсийн байрны төлбөрийг 6, 6 сараар, зах зээлийн үнэ ханшийн дагуу төлөх юм. Харин “Рендер бау” ХХК төслийн барилгын ажлыг мөн л 5 дугаар сараас эхлүүлэх юм. Уг төсөлд 30 орчим сая доллар зарцуулахаар тооцоолжээ.