ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын есөн хатдын түүхэн амьдралыг үзүүлэх “Монголын их хатадын туульс” бүжгэн жүжгийг энэ сарын 29-30-нд тус театрын тайзнаа толилуулна.
Энэхүү бүжгэн жүжигт Монголын 700 гаруй жилийн түүхэнд амьдарч байсан Гоо Марал, Алунгоо эхээс эхлээд Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг агуу хатадын амьдрал, түүх, сургаалиудыг бүжиг, хөгжмийн гайхамшигт хослолоор харуулах юм.
Бүжгэн жүжгийн продюссерээр Г.Цоггэрэл, бүжиг дэглээчээр Д.Баярбаатар, зураачаар Ц.Энхтуяа, хөгжмийн зохиолчоор Төрийн соёрхолт, Б.Мөнхболд ажиллаж байгаа бол хөгжмийн найруулгыг М.Бирваа, цомнолыг Н.Болд бичжээ. Гол дүр болох Гоо марал-бүжигчин МУСТА С.Цэцгээ, Алунгоо эх-бүжигчин МУСТА Г.Уянга, Өүлэн эх-бүжигчин МУСТА Т.Ариунжаргал, Бөртэ хатан-бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал, Дөргөнө-бүжигчин МУСТА Э.Номин, Сорхагтани хатан-бүжигчин МУСТА М.Бямбаа, Чимбай-бүжигчин Л.Энхболор, Самар-бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа, Мандухай-бүжигчин МУСТА Ж.Мандухай нар тус тус тоглох юм.
Тасалбар нь суудлын зэрэглэлээс хамаарч 20, 25 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
Дашрамд дурдахад, энэхүү уран бүтээл нь тайзнаа тавьсан даруйдаа гурван жилд нэг удаа болдог урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Гоо марал-2013” наадмаас “Бүжгийн урлагийн шилдэг бүтээл” номинацийн шагнал хүртсэн юм.