Монгол Улсын ШУА-ийн дээд шагнал "Хубилай хаан" одон ХБНГУ-ын иргэн Оливер Корффд гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Ёслолд ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, тус академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд, манай улсад суугаа ХБНГУ-ын ЭСЯ-ны төлөөлөл болон албаны хүмүүс оролцов. Түүнийг шинжлэх ухааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, Монгол судлалыг дэлхийд таниулан сурталчлах, шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж ийнхүү шагнажээ.
Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлэхдээ, “Тэрээр Монголын шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулж буй цөөн эрдэмтний нэг. Түүний монгол судлалыг дэлхийд таниулах, сурталчлах, шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж, энэхүү одонг гардуулж байна. Түүний зохиосон “Таван хэлний толь” ном нь 20 гаруй мянган үгтэй, сайхан бүтээл болсон юм” гэв.
Оливер Корфф нь Монгол судлалын нэгэн чухал асуудал болсон хэлний язгуур үүслийг судлах зорилготой Алтай судлалын олон улсын холбооны гишүүнээр ажилладаг юм. Тэрбээр Монгол судлалд өөрийн эрдэм мэдлэг, амьдрал үйлсээ зориулан зүтгэж байгаа эрдэмтэн бөгөөд компьютерийг Монгол хэл шинжлэлийн судалгаанд нэвтрүүлж, “Таван хэлний толь”-ийг зохиосон зургаан орны эрдэмтдийн багийг ахлан уг толийг хоёр боть, таван хэлний индекстэйгээр 2014 онд хэвлүүлжээ.
Тус толийн онцлог нь уламжлалт толийг хуулахгүйгээр “Таван хэлний толь”-ийн хувилбаруудыг хооронд нь харьцуулж, “Гучин зургаат тайлбар” тольтой тулган жигдэлж герман хэлээр тайлбар хийсэн толь юм.
Энэ бүтээл гарснаар дорнын уламжлалт зүйл хуваасан толийг орчин үеийн хэрэглээнд оруулж, Монгол, Төвд, Манж, Хятад, Түрэг хэлний үгсийг харьцуулан жигдэлж тайлбарыг Герман хэлээр хийсэн нь дэлхий дахинд ашиглах боломжийг бүрдүүлжээ.