УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд өчигдөр ХХААЯ-ны үйл ажиллагаатай танилцав.
Тус байнгын хорооны дарга шинээр сонгогдсонтой холбогдуулан ХХААЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцаж, цаашид тус салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлаар тус яамны удирдлагуудтай харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр махны экспортын өнөөгийн байдлын талаар танилцуулсан. Сүүлийн жилүүдэд манай улсын мах бэлтгэл тогтмол нэмэгдэж байгаа ч экспортын хэмжээ буурсаар байгаа бөгөөд өнгөрсөн 2014 онд 1.8 мянган тн болсныг тус яамны мэргэжилтэн мэдээллээ.
2015 онд махны экспортын хэмжээг нэмэгдүүлэх нөөц байгаа хэдий ч махыг үйлдвэрийн аргаар боловсруулах боломж тааруу, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй зэргээс үүдэн бэрхшээл учирдаг байна. Мөн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний хангамжийн асуудал, мал аж ахуй, газар тариалангийн салбарын өнөөгнийг байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав.
УИХ-ын гишүүн С.Батболд ОХУ руу мах экспортлох ажлын явц болон учирч буй гол бэрхшээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн. Мөн мал аж ахуйн салбарт экспортын гол нөөц болох үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тодруулсан. Эдгээр асуултад тус яамны мэргэжилтнүүд хариулахдаа, хөрш орнуудад мах эскпортлох үүднээс ОХУ болон БНХАУ-ын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласан. Хамтын ажиллагааны дүгнэлтээр хэд хэдэн зөвлөмж гаргасан бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд УИХ болон БОХХААБХ-ны дэмжлэг шаардлагатай байгааг дуулгалаа. Мөн махны экспортыг дэмжих, нөөц бүрдүүлэх үүднээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлага байгаа гэв. Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд ХХААЯ-ны үйл ажиллагаатай танилцаж байгаа нь холбогдох салбаруудад тулгамдаад байгаа асуудлуудтай танилцаж, судлан, цаашид бодлого тодорхойлоход хууль тогтоомжид хэрхэн тусгах, эрх зүйн орчинг сайжруулахад энэ удаагийн уулзалтын ач холбогдол оршиж байгааг онцоллоо.