Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналтын (GPS) систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем зэрэг дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх замаар тээврийн үйлчилгээг зохицуулах цахим тогтолцоо бий болгоно гэж заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид 2014 оны аравдугаар сарын 22-нд “Хамтарсан компани байгуулах тухай” 185 дугаар тогтоол гаргажээ. Уг тогтоолын дагуу нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” компани байгуулагдаж, 2015 оны эхний хагас жилд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн (BMS, BIS, e-ticketing) систем цогцоор нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
“Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем” цогцоор нь нэвтрүүлснээр нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт сайжирч, зорчигчид гар утас болон картаар төлбөрөө хийх боломжтой болно. Мөн нийтийн тээврээр зорчигчдын судалгааг нарийвчлан гаргаж, оновчтой төлөвлөлт хийх, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх, зорчигчид аюул осолгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлэн, тээвэрлэгчдийн сахилга хариуцлагыг бүх шатанд сайжруулна. Мөн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийг шуурхай хүргэхэд ахиц гарч, нийтийн тээврийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх юм байна.