Монголын түүхэнд төдийгүй дэлхий дахинд нэрээ мөнхөлсөн, түүхэн зүтгэлтнүүдийн нэг нь эзэн Богд Чингис хааны ач хүү Хубилай сэцэн хаан юм.
Хубилай бол Чингис хааны голомт сахисан отгон хүү Тулуйн хоёрдугаар хөвгүүн бөгөөд 1215 оны хөхөгчин гахай жилийн наймдугаар сарын хөхөгчин туулай өдөр /1215 оны 9-р сарын 23-нд/ Хархорумын ойролцоо мэндэлжээ.
Түүний мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байгаа учир ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс санаачлан өнөөдөр“Монголын Их Хаан Хубилайн мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх” талаар МУ-ын Ерөнхийлөгчид уриалга хүргэж, олон нийтэд хандлаа.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун "Үүнийг тэмдэглэх гурван үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт түүхт 800 жилийн тэгш ой тохиож байна. Хоёрдугаарт Хубилайн түүхийг дахин шинээр харуулж, Монгол төдийгүй дэлхийд түгээх нэг боломж гэж харж байгаа. Гуравдугаарт Хубилай хааны хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн гайхамшигтай зүйлсийг монголчууд дахин судлах, сурталчлах хэрэгтэй.
Хубилай болТторгоны зам, Ази Европыг захирч байсан Одоогийн Орос Хятадыг үндэслэн байгуулахад хамгийн том үүрэг гүйцэтгэтгэсэн, тэнгисийн флот хуурай замыг флотыг захирсан армийн жанжин байсан. Тэрбээр дэлхийн суут хүмүүсийн эхний гуравт тогтмол багтдаг.
Хүн төрөлхтний түүхэнд монголчуудын байгуулсан гавьяаг алдаршуулж, дэлхийд Монгол Улсаа таниулахад энэ ойг тэмдэглэх ач холбогдол оршино. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед түүхт ойг соён гэгээрэл, түүхэн санамж гэдэг утгаар тэмдэглэхээр зорьж хэд хэдэн ажил төлөвлөөд байна.
Хубилай хааныг улсын нийслэлийг нүүлгэж Юань гүрнийг байгуулсанд шүүмжлэлттэй ханддаг хүмүүс байдаг.
Гэхдээ нийслэлийг нүүлгэснээр цөөн тооны Монгол угсаатнууд Хятадад уусах, болон Хятад иргэд Монголын нутагт ирж суурьших аюулаас хамгаалсан юм.
Мөн Хубилайг Хятадын хаан мэтээр эндүү ойлгодог хүмүүс ч бий. Тиймээс дээрх буруу ойлголтуудыг засах хэрэгтэй” гэж ярилаа.
- Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг БНХАУ тэмдэглэн өнгөрүүлнэ гэсэн яриа үнэн үү?
-Энэ бол худлаа. Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг БНХАУ-ын зүгээс тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гараагүй.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин ” Чингис хааны “Их засаг” хуулийн зориг санааг үндэслэж тухайн нийгмийн нөхцөл байдалд зохицуулан арав гаруй хуулийг шинээр батлан тогтоогоод, хуулиар төр улсаа засах явдлыг Хубилай хаан баталгаажуулсан.
Төрийн дотоод хямралаас сэргийлж, “хаан хөвгүүн өргөмжлөх” ёсыг албан журам болгож, монгол амьдрал, төр засах ёсонд сургаснаараа монголын уламжлалт төрийн тогтолцоог бататган бэхжүүлж, үндэстний өв уламжлалаа хадгалан, нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэх талаар олон талт арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тэрбээр Монгол орны эдийн засгийн хөгжлийг бататгасан юм.
Хубилай хаан Монгол нутгийнхаа өмнөд хязгаарт улсын нийслэлээ байгуулж, Хятадын соёл уламжлалын тэлэлтийг тогтоон барьж, монголоо монголоор нь авч үлдэж чадсан их хаан юм” гэлээ.
М.Болорцэцэг