“Эм Жи энд Эф Эс” компани өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн “1206” нэртэй бэлэн хувцасны брэнд гаргах болжээ. Тус компани өдгөө голдуу цамц үйлдвэрлэж буй ч захиалгаар бүх төрлийн бэлэн хувцас хийх гэнэ. Үйлдвэр байгуулах ажлаа өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нээс эхэлж, зургадугаар сарын 1-нээс дэлгүүрээ нээн бүтээгдэхүүнээ худалдаж эхэлсэн байна. Ингээд жилд 10.000 гаруй нэр, төрлийн бэлэн хувцас үйлдвэрлэх чадалтайгаас гадна тусгай захиалгын бэлэн хувцас оёх боломжтой юм байна. Мөн загварын студи нээсэн байна.
“Эм Жи энд Эф Эс” 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтаар үндэсний үйлдвэрлэлийн брэнд гаргаж буй шинэ компани юм. “Бид бэлэн хувцас үйлдвэрлэлийн салбарт шинэ брэнд гаргахдаа Их Монгол улс байгуулсан түүхэн он болох “1206”-гаар нэрлэлээ. Энэ брэнд дотоодын хэрэглэгчдэд хэдийнэ танигдан, зах зээлд тодорхой байр сууриа олоод байна. Мөн бид хэрэглэгчиддээ олон төрлийн шинэ бараа бүтээгдэхүүн байнга хүргэх үүднээс 2014 оны сүүлчээс компанидаа “Madam X” загварын студийг нэгдэн, үйл ажиллагаа өргөжүүлээд байна” гэж тус компанийнхан хэлсэн юм. “1206” брэндийг одоогоор зөвхөн Улаанбаатар хотод борлуулж буй. Тус компани энэ ондоо багтаан Дархан, Эрдэнэтэд салбараа нээхээр төлөвлөсөн байна.