Нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гарган, 2014 оны арваннэгдүгээр сараас ажил эхэлсэн. Энэ сарын 9-нд нийслэл болон Багануур, Налайх дүүрэг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагууд оролцсон уулзалт зохион байгуулж, Налайх, Багануурт хот байгуулах, хотын үндсэн дүрмийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын явц, цаашид хийх ажлынхаа талаар хэлэлцлээ. Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд нар хот байгуулах, Хотын үндсэн дүрэм батлуулах ажлыг зохион байгуулах хорооноос хийсэн ажлаа энэ үеэр танилцуулав.
Налайх дүүргийн долоо, Багануур дүүргийн таван хороо, дүүргийн боловсрол, эрүүл мэнд болон томоохон аж ахуйн нэгжийн ажилтнуудын дунд, нийт 18 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Үүнд 1500 гаруй иргэн оролцжээ. Хэлэлцүүлэгт 150 орчим иргэн саналаа өгсөн байна. Хэлэлцүүлгээр гарсан саналыг тусгаж, дүүргийн хороо бүрийн иргэний төлөөлөл орсон Үндсэн дүрмийн редакцын зөвлөл ажиллан, Багануур болон Налайх хотын үндсэн дүрмийн эцсийн найруулгыг боловсруулсан аж.