Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн анхны хурал өчигдөр боллоо. Хурлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргалж, тур оператор, зочид буудал, зоогийн газар, агаарын тээвэр, төмөр замын салбарын төлөөлөл оролцов. Хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, нийслэлийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод 2015 онд зохион байгуулах аялал жуулчлал, соёл урлаг, спортын арга хэмжээний төлөвлөгөө, “Найрсаг Улаанбаатар” аяны талаар хэлэлцэв.
Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гишүүдийн саналыг тусган баталж, нийслэл хотод аялал жуулчлал хөгжүүлэх, хотын соёл дэлгэрүүлэх, төрийн болон нийтийн үйлчилгээнд эерэг харилцаа, хандлага төлөвшүүлэх зорилготой “Найрсаг Улаанбаатар" аяныг хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргажээ. Хувийн хэвшлийн төлөөлөл давамгайлсан аялал жуулчлалын зөвлөл байгуулагдсан нь тус салбарын хувьд анхных аж.