ШУТИС-ийн хөгжлийн стратегийн хүрээнд хэрэгжиж буй Open Innovation Lab (OIL) төслөөс “StartUp Weekend Mongolia MUST-13” үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус сургуулийн 80 багш, профессор, эрдэмтэн судлаач оролцож 50 гаруй бизнес санааг дэвшүүлж, олонхийн дэмжлэг авсан 10 шилдэгийг баг болгон хувааж, тэд дүрмийнхээ дагуу 54 цагийн турш тасралтгүй ажилласан юм. Зорилго нь шинэ санаагаа хэрхэн Гарааны компани болгох, бизнес модел бүтээх, хөрөнгө оруулагчтай харилцаа тогтоох, бизнесийн хүрээгээ өргөжүүлэх зэрэг өргөн хүрээтэй байв. Багш профессорууд өөр өөрийн багаа бүрдүүлж Гарааны компанийн бизнес санаагаа амжилттай танилцуулснаас шүүгчдийн үнэлгээгээр I байрт Байгальд ээлтэй технологи, индукцийн зуух үйлдвэрлэх “Эко Шийдэл” баг, удаах байрт Чихрийн шижин өвчнийг оношлох төхөөрөмж бүтээх “SDM” баг, III байрт Ургамлаас био будаг гарган авах санааг дэвшүүлсэн “BIO будаг” баг тус тус шалгарав.