Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан үед тус байгууллагын байранд хулгайч орсон гэвэл та итгэх үү. Тэгвэл Монголын цагдаагийн байранд хэрэгт шалгуулж буй хулгайч нь ийм үед нэвтэрчээ. ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар гэх байгууллага өдгөө баруун дөрвөн замын дэргэдэх хуучнаар Хэрэг бүртгэх газрын байранд байрлаж буй. Уг газар нь хүн амины болон хулгайн гэмт хэрэг харьяалан шалгадаг. Тус газрын байранд арванхоёрдугаар сарын сүүлчээр хулгайч цонхоор нь дамжин орж, ахлах мөрдөн байцаагч болон мөрдөн байцаагчийн өрөөнд нэвтрэн хоёр төмөр шүүгээнээс 22 хавтаст хэрэг авч, байрных нь хажууд 07.00 цаг хүртэл шатаасан гэнэ. Цагдаагийн аливаа газар, нэгжид жижүүрийн цагдаа, офицер 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. Хэрэг гарах үед ажиллаж байсан жижүүрүүд нь байранд нь хулгайч орж, 22 хавтаст хэрэг авч гарсныг огт мэдэлгүй өглөө болгосон аж. Харин гэмт этгээд хавтаст хэргийг шатааж дууссаны дараа мөрдөн байцаагчийн утсанд залгаж “Хавтаст хэргээ шатаачихсан шүү” хэмээн хээв нэг хэлсэн аж. Байцаагч нь үүнд нь төдийлэн үнэмшээгүй ч ажилдаа ирснийхээ дараа үнэн болохыг нь мэдэж хулгайчийг баривчлан, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Бидэнд олдсон мэдээллээр энэ этгээд нь удаа дараа хулгайн хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх болчихсон нэгэн аж. Түүний хулгайлсан 22 хавтаст хэрэг дотор өөрийнх нь хулгайн хэргээс гадна бусдын амь насыг хохироосон өөр хүмүүст холбогдох хэрэг ч байсан сурагтай. Гэмт этгээд өөрийнхөө холбогдсон хэргийг хулгайлан шатаасан нь магадгүй өөртөө хөнгөн ял шийтгүүлэх гэсэн санаа байж магадгүй. Эрүүгийн хуульд заасан эд хөрөнгө устгах гэмт хэрэг нь хөнгөн ял шийтгэлтэй, гэмт этгээдийн холбогдсон онц их хэмжээний хохиролтой хулгайн хэрэгт нь 10-15 жилийн хорих ял шийтгэх заалттай аж. Харин 22 хавтаст хэргийг хулгайчид алдан устгуулсан Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын 12 алба хаагчид хариуцлага тооцохоор болсон гэнэ. Тэднийг өчигдөр ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болсон ч тодорхой шалтгааны улмаас өнөөдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.