Жирэмсэн эхчүүдэд олгох тэтгэмжийн асуудалтай холбоотойгоор жирэмсний тэтгэмжийг буурсан гэх мэдээлэл олон нийтэд түгээд буй. Тэгвэл өнөөдөр Нийгмийн даатгалын сангаас албан ёсны мэдээлэл хийлээ.
Тус сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу даатгалын сангаас олгодог жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг чөлөө авахаас өмнө зургаан сарын хугацаанд даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн даатгуулагч эх авах боломжтой юм.
Албан журмаар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн сүүлийн 12 сарын цалингийн дунджаас 100 хувиар, сайн дураар даатгуулсан даатгуулагчийн тэтгэмжийг 70 хувиар тооцож төрөхийн өмнө , төрсний дараа хоёр сарын, нийт дөрвөн сарын хугацаанд олгох хуулийн зохицуулалт хэвээр үргэлжилж байгаа аж.
Даатгуулагч эхэд олгох тэтгэмжийн хэмжээ, хугацааг бууруулах асуудал Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тодотголд тусгагдаагүй бөгөөд энэ онд улсын хэмжээнд нийт 60 орчим мянган эхэд 56,2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөөд байгаа ажээ.
Харин Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд даатгуулагч эх, Нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмж авч байх таван сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас жирэмсний тэтгэмж нэмж олгох, сарын 40 мянган төгрөгийг давхардуулан олгохгүй байхаар, уг даатгуулагч эхийг хүүхдээ төрсөн сараас эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгох амаржсаны тэтгэмж дээр нэмж, долоон сар хүртэлх хугацаанд сар бүр 40 мянган төгрөг олгож байхаар тус тус Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд тусгасан байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүсэх боломжгүй эхчүүдэд жирэмсний таван сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас 40 мянган төгрөгийг олгох зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.