Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын гуравдугаар газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газартай хамтран "Улсын онц чухал обьектын хамгаалалтын бүсэд газар хөдлөлт болсон үеийн ажиллагаа" сэдэвт дадлага сургуулилтийг Ус сувгийн удирдах газрын харьяа Төвийн бүсийн А станцад явууллаа.
Сургуулилтад хамгаалалтын гуравдугаар газар, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Аврах ангийн тусгай томилгоот нэгж, бүлгүүд оролцов.
Энэхүү сургуулилт улсын онц чухал обьектын хамгаалалтын бүсэд газар хөдлөлт болсон үед зарлан мэдээлэл явуулах, хлор алдагдсан, хүн гэмтсэн үед анхны тусламж үзүүлэх, нэрвэгдсэн газрыг хамгаалалтад авах, хорио цээрийн дэглэм сахиулах ажлыг зохион байгуулах, аврах ажиллагаа явуулах талаар эхний ээлжинд авах арга хэмжээг тодорхойлох, цагдаагийн болон онцгой байгууллагуудын харилцан ажиллагааг дээшлүүлэх зорилготой аж.