Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ТОСК-д ажиллах үеэрээ бага дунд болон зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны хөтөлбөр, аймаг бүрт баригдаж буй 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид тулгамдсан асуудлуудтай танилцлаа.
ТОСК-ийн захирал А.Гантулга салбарын сайддаа “Буянт-Ухаа-1” хорооллыг 2014 оны 2-р улиралд ашиглалтад оруулж, одоо “Буянт-Ухаа-2” хорооллыг 2 үе шаттай барьж байгуулж байгаа талаар мэдээлэл өглөө.
“Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийн орон сууцны барилга 2015 оны 2-р улиралд ашиглалтад орох юм байна. Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрийн нийт 28 га талбайд төлөвлөгдөн баригдаж байна. Тус хороолол нь 48 ширхэг 9 давхар орон сууцны барилга, 60 ширхэг 12 давхар орон сууцны барилгаас тус тус бүрдэх юм. Мөн 1200 хүүхдийн 2 сургууль, 240 хүүхдийн 4 цэцэрлэг баригдана. Ингэхдээ тус хорооллын хүүхдүүд сургууль, цэцэрлэг рүүгээ явахдаа машин зам хөндлөн гарахгүй байхаар төлөвлөлтийг шийджээ. Түүнчлэн хороолол дотроо спорт цогцолбор 2 ширхэг, томоохон үзвэр үйлчилгээний төв болон 12 ширхэг худалдааны төв, 7давхар нийт 400 автомашины нэгдсэн гражтай байхаар зураг төслийг нь шийджээ.
Хорооллыг 2 үе шаттай барьж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 9 давхар 48 ширхэг барилга, 400 автомашины дулаан зогсоол, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад угсралтын ажил явагдаж байна. Орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци” ХХК ажиллаж, одоогийн байдлаар 25 ширхэг барилгын угсралтын ажил бүрэн дуусаад байна. Эхний ээлжийн 22 барилгыг 2015 оны 2-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус хороолол 2016 оны 3-р улиралд бүрэн ашиглалтад орно. “Буянт-Ухаа-2” хороолол баригдаж дууссанаар 6500 орчим өрх тав тухтай орон сууцанд амьдрах юм. Одоогийн байдлаар эдгээр барилгуудад 73,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ингэхдээ “Буянт-Ухаа-1” хорооллын борлуулалтын орлогоор хөрөнгө оруулалтыг хийж байна гэв.
Мөн “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Багануур дүүрэгт баригдаж буй орон сууцны талаар танилцууллаа.
Сайд Д.Цогтбаатар ТОСК-ийн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч, ярилцах үеэрээ эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж гарах төлөвлөгөөг ойрын үед боловсруулж ажиллахыг чиглэл болголоо. "Монгол төрийн олон жилийн нэр нүүрээр олдож буй бондын мөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ тооцоо судалгаа сайн хийж эргэн төлөгдөх нөхцөлийг сайтар нягтлах шаардлагатай. Мөн бүтээн байгууллалтын ажилд хөнгөн хуумгай хандахгүйгээр эдийн засгийн болон эрхзүйн нөлөөллийг сайтар нягтлах шаардлагатай" гэлээ.