МҮОНРТ-ийн тархин дээр МАНАН-гийн хүмүүс эв найрамдалтайгаар хамтарч суухаар тохиролцоо хийлээ гэдэг “бор шувуу” нисэж эхэлсэн нь оргүй биш бололтой. Олон нийтийн хэмээх гоё статустай энэ байгууллагын дотоод асуудалд улстөрчид ямар нэг хэмжээгээр “гар, хөл”-өө дүрсээр байсныг захирал асан М.Наранбаатар ч хүлээн зөвшөөрдөг. Харин энэ удаад төрийн эрх барьж буй нам дангаараа бус, сөрөг хүчинтэйгээ хамтран хоёул сандайлахаар санаархаж буйг олон хүн жиг жуг гэлцэж байна. МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар АН-ын генсек байсан Ц.Оюундарь томилогдож очингуутаа МҮОНТ-ийн захирлын албан тушаалд Д.Энхтуяаг эргүүлэн тавьсан. Тэгвэл одоо МҮОНРТ-ийн дэд даргаар нэгэн үе МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг тэргүүлж байсан Н.Дэмбэрэл хэмээх залууг томилж буй сурагтай.
Энэ албан тушаалд томилогдох магадлалтай хүмүүсийн тоонд УИХ дахь МАН-ын ажлын албаны зөвлөх М.Оюунчимэгийн нэр дуулдаж байсан ч өөрөө үгүйсгэв. Түүнчлэн ММ агентлагийн захирлын албанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөрийг томилохоор санал тавьсан ч тэрбээр хүлээж аваагүй гэдэг яриа гарсан. Цаашлаад МҮОНР-гийн захирлыг өөрчлөх үү, оронд нь хэнийг томилох вэ гэдэг асуулт хэвээр байна. Харин Ц.Оюундарь захирлаас дээрх томилгоонуудын талаар тодруулахад “Олон шат дамжлага бүхий дарга нарын орон тоог цомхтгоно гэдгээ би хэлсэн. Тиймээс янз бүрийн хүнд санал тавьж гүйгээд байгаа юм алга” гэв.
Л.ГАНЧИМЭГ