NBS телевиз санаачлан “229-р цэцэрлэг ба Ард түмний төсөл” төслийг хэрэгжүүлээд нэг сар өнгөрч байна. Нэг сарын ойн хүрээнд тус төслийн багийнхан "Маамуу нааш ир" хөдөлгөөнийг иргэд олон нийтийн дунд эхлүүлж, нэгдэхийг уриаллаа.
Тус хөдөлгөөнд өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нэгдэж, Хөдөлмөрийн баатар, хөгжийн зохиолч Д.Лувсаншаравын ая, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг "Маамуу нааш ир" дууг дуулж, дараагийн дуу дуулах хүнээр УИХ-ын гишүүн Су.Батболд, Л.Эрдэнэчимэг нарыг нэрлэсэн байна. Хэрэв танд “Маамуу нааш ир" хөтөлбөрийн дуудлага ирсэн тохиолдолд 3 хоногийн дотор хариу бичлэг хийн олон нийтийн сүлжээнд байршуулах энгийн дүрэмтэй. Бичлэгээ байршуулан "Ард түмний төсөл"-д хандив өргөхөөс гадна дараагийн нэг хүнд дуудлага илгээх ба дуудлага авсан хүн бүр сэтгэлийн хандиваа өргөх юм. 150-051 тусгай дугаарт мессеж бичин хандив өргөхөөс гадна холбогдох банкны дансуудаар мөнгө хандивлаж төсөлд нэгдэх гэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл Urs.mn сайтад байрлуулсан бөгөөд төсөлд нэгдсэн хүн бүрийг NBS телевизээр нээлттэй ил тод мэдээлэх аж. Төслийн багийнхан нийгэмд цэцэрлэг хүрэлцээгүй байгаа байдлыг соргогоор мэдэрч, ирэх намар гэхэд хүн ам олонтой, цэцэрлэг цөөнтэй дүүрэгт 120 хүүхдийн багтаамжтай шинэхэн цэцэрлэг босгож, хүлээлгэн өгөх зорилго тавиад ажиллаж байна.