Идэж буй хоол руугаа нулимдаггүй хэрнээ бид ундны усны эх үүсвэр болсон Туул гол руугаа хамаг бохироо хайр найргүй цутгачихаад тоох ч үгүй өдий хүрлээ. Турж, эцэж нүднээс гарсан хүүхэд шиг Туул гол маань татран татарсаар байгааг хэн хүнгүй мэднэ. Лаг шавар, хог, химийн элдэв хорт бодис, бүр сүүлдээ ялгадсанд боомилогдсон Туул гол амь тавихад ойрхон байна. Туулын ай савд байдаг 175 гүний худгаас нийслэлчүүд усныхаа хэрэгцээг хангадаг. Өөрөөр хэлбэл, сая гаруй иргэн, мал амьтан, олон үйлдвэр, цахилгаан станцын хувь тавилан Туул голоос бүрэн хамааралтай гэсэн үг. Гэтэл нийслэлийн Налайх дүүргийн бохирын ус Туулыг өмхийрүүлээд багагүй хугацаа өнгөрөв. Энэ талаар газар дээрээс нь сурвалжиллаа.
Налайхын 40 жилийн настай цэвэрлэх байгууламж өнөөдөр арай ядан ажиллаж байна. Байгуулагдсан цагаас нь хойш дорвитой шинэчлэл засвар хийгээгүйгээс болж, тоног төхөөрөмж нь байсхийгээд л эвдэрдэг, зарим нэг нь бүрмөсөн ажиллахгүй болжээ. Хоногт 2400 шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай ч тус байгууламжид хоногт 3000-3500, амралтын өдрүүдэд 4000 гаруй шоо метр бохир ус нийлүүлдэг юм байна. Гэтэл хуучирч муудсан тоног төхөөрөмж нь ийм хэмжээний бохир усыг цэвэршүүлэхэд хүчин мөхөсдөж цэвэрлэсэн нэр зүүгээд бараг л тэр хэвээр нь шахуу цутгаж орхидог гэнэ. Бохир усыг 98 хувь хүртэл цэвэршүүлэх ёстой байтал энэ байгууламжийнх 30 хувьд хүрэхтэй үгүйтэй байгаа нь харамсалтай. Мөн тус дүүрэгт 6000 айлын “Шинэ Налайх” орон сууцны хороолол барьж эхэлсэн. Эхний ээлжинд 80 айлын орон сууц бэлэн болсон хэдий ч бохирын асуудлаа шийдвэрлэж чадаагүйгээс болж, захиалагчид нь байрандаа орж чадахгүй “гацсан” байна.
Биднийг Налайхын төв цэвэрлэх байгууламжид очиход эл хуль орчин угтав. Өмхий үнэр, хлортой холилдон хамар цоргиж, удаан байхын аргагүй юм. Тус байгууламжийн манаач бололтой нэг хүн байсныг эс тооцвол бүгд “Чандмань Налайх” НӨҮГ-т байрлаж байгаа аж. Уг газрын ерөнхий инженер Б.Тунгалагаас Налайхын төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, нөхцөл байдлын талаар тодруулахад “Манай дүүрэг 33 мянган хүнтэй. Тэдний 10 мянга орчим нь орон сууцанд амьдардаг. Орон сууцнаас гадна сургууль, цэцэрлэг, үсчин, гоо сайхан, цайны газруудын бохир усыг цэвэршүүлдэг. Гэвч хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмжийн дутагдлаас болоод бүрэн гүйцэд цэвэршүүлэхгүйгээр хлор хийж халдваргүйжүүлэн Туул гол руу нийлүүлж байна. Бохир уснаас хуурай хог хаягдлыг нь ялган, насосоор соруулан тунгаагчид шахаж, шавар, чулууг лагийн талбайд асгадаг. Үүнийгээ хатааж ариутгаад хогийн цэгт хаядаг. Цэвэрлэх байгууламжийн тунгаагчууд их хуучирсан болохоор байнга хагарч, ус алддаг юм” гэв. Мөн тэрбээр энэ байгууламж үйлдвэрийн гаралтай бохир ус цэвэршүүлдэг бол байдал өдийд хурцдах байсныг нуусангүй. Налайх дүүрэгт дулааны цахилгаан станцаас өөр хортой хог хаягдал ялгаруулах үйлдвэр байхгүй нь аз гэнэ.
Хэрэв ноос, ноолуур, арьс шир зэрэг химийн хортой бодис ашигладаг үйлдвэрүүдийн усыг цэвэршүүлдэг байсан бол цэвэрлэх нэртэй цэвэрлэдэггүй энэ байгууламжаар дамжин Туул гол илүү ихээр “хордох” байв. Гэхдээ ахуйн бохир ус гэдэг таатай зүйл биш нь ойлгомжтой. Элдэв халдварт өвчин үүсгэгч нян, бичил биетэн, хорхой шавьж тэнд хэдэн саяараа үржиж буй. Эдгээр нь бидний ундны усыг бохирдуулж байна гэхээр дотор муухайрам. Юун эдийн засгийн хямрал, эхлээд уух усаа цэвэр байлгаж, үр хүүхдээ эрүүл өсгөх нь чухал санагдана. Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг аж. Гэтэл манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны дундаж хэмжээ дэлхийн хөгжингүй орны нэг хүнийхээс хоёр дахин их буюу 230-280 литр гэсэн судалгаа бий. Бид цэвэр усаа хэдий чинээ гамтай хэрэглэнэ төдий чинээ Туул гол руу хаях бохир усны хэмжээ багасах энгийн гаргалгаа байна. Гэвч бид усаа хайр гамтай хэрэглэхгүй, бохирдуулсан усаа ч цэвэрлэж чадахгүй хэмжээнд хүрчээ. Налайхчууд бохирын асуудлаа дийлэхээ больсон учраас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид шууд нийлүүлэхээр болсон. Энэ тухай 7-8 жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч гарт баригдаж, нүдэнд харагдах ажил болж чадахгүй өдий хүрсэн байх юм.
Намайг Налайхад очсон өдөр буюу энэ сарын 12-нд “Чандмань Налайх” НӨҮГ-ын ерөнхий инженер Б.Тунгалаг Улаанбаатар хотын УСУГын төлөөлөл, шугамын гүйцэтгэгч нартай хамт Налайх, Улаанбаатарын бохирын шугамын “Туул нэг коллектор”-ын үйл ажиллагаатай танилцжээ. Уг коллекторыг бариад дууссан ч ашиглалтад авах гэхээр шугамд нь бохир уснаас түрүүлээд хөрсний ус ороод байгаа аж. Тиймээс УСУГ-ынхан “Төв цэвэрлэх байгууламжаар цэвэрлүүлэх ёстой бохирыг л дамжуул” гэсэн шаардлагыг гүйцэтгэгч компанийнханд тавьсан юм байна. Бохир уснаас 2-3 дахин их хөрсний цэвэр ус Налайх, Улаанбаатарын бохирын шугамд нэвчсэнээр Төв цэвэрлэх байгууламжид илүү “ачаа” үүрүүлэх юм. “Харгиа” цэвэрлэх байгууламжаас нийлүүлдэг химийн хүнд, хортой элементтэй бохир уснаас болоод Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа нь тэртэй тэргүй доголдсон.
Туул гол руу уур савсуулан урсах хар ногоон усыг налайхчууд “Бааст гол” гэж нэрлэжээ. Урин дулаан цагт “Бааст гол”-оос өмхий үнэр сэнгэнээд байж суух газаргүй болдог гэж тэндхийн оршин суугчид дуу нэгтэй хэлсэн. Бүр ялгадас тэр чигээрээ урсаж, Туулд нийлж буйг нь харсан хүн ч цөөнгүй гэнэ. Үүнийг ч холбогдох мэргэжлийн хүмүүс нь хүлээн зөвшөөрч “Үе үе ийм тохиолдол гардаг” гэж ярьж байлаа. “Бааст гол”-ын Туул голтой нийлдэг хэсэг ногоорч харагддаг аж. Морь, мал тэр хавийн усанд хошуугаа ч хүргэдэггүй. Сүү хутгасан шанагаа цэвэрлэхгүйгээр гол усандаа ойртуулдаггүй монголчууд өнөөдөр баас, шээсээ Хатан Туулдаа цутгачихаад сууж байна. Уг нь 2013 оны зургадугаар сараас Налайх дүүрэгт Дани улсын тусламжаар цэвэрлэх байгууламж барих байжээ. Гэвч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод энэ ажил зогссон байна. “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр Төв цэвэрлэх байгууламжид ингэж ачаалал нэмэхийн оронд Налайхдаа асуудлаа шийдвэрлэж, шинэ цэвэрлэх байгууламж барихыг хүсэж буйгаа тус дүүргийнхэн уламжилсан. Налайхын цэвэрлэх байгууламжид ойр орчмын амралт сувиллын газрынхан бохироо авчирч “тушаадаг” аж. Уг цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир уснаас шинжилгээ сорьц бараг авдаггүй гэнэ. Цэвэр усны хомсдол, бохир уснаас үүдэлтэй янз бүрийн өвчний улмаас дэлхий дээр өдөрт 10-20 мянган хүүхэд нас барж байна гэсэн харамсалтай тоо бий. Зөвхөн Налайх гэлтгүй Улаанбаатар хотын болон орон нутгийн цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаа, цэвэршүүлсэн гэх усанд шинжилгээ хийж, анхааралдаа авах цаг болжээ.
Ч.БОЛОРТУЯА