Засгийн газөр өнгөрсөн оны долдугаар сард “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг тогтоолоор баталсан. Уг журмын дагуу наймдугаар сарын 21-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 37 талбайд дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан тухайгаа Ашигт малтмалын газраас мэдээллээ. Сонгон шалгаруулалтын дүнд 15 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. Харин “Чойдог худаг”, “Могойт”, “Амгалант” гэсэн гурван талбайд огт санал ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байгаа аж.
Өнгөрсөн сарын 10-ны өдөр ээлжит сонгон шалгаруулалт зарласан 18 талбайн тавд нь үнэлгээний комисс сонгон шалгаруулалтын саналыг үнэлэх ажлыг хийж байгаа гэнэ. Харин 13 талбайд зөвхөн нэг нэг оролцогч санал ирүүлсэн тул энэ сарын 10-нд дахин сонгон шалгаруулалт зарлажээ. Эдгээртэй хамт шинээр босго үнээ баталгаажуулсан нэг талбайд сонгон шалгаруулалт зарласан гэнэ.
Б.ЦЭЦЭГ