Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын “Кореа смарт карт” компаний захирал Даесунг Чой тэргүүтэй төлөөлөгчид, “Дата Карт консорциум” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Солонгос Монголын хамтарсан “Дата карт консорциум” компани Улаанбаатар хотын нийтийн тээвэрт цахим мэдээллийн шинэ систем нэвтрүүлэх “Ухаалаг Автобус” төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн оны есдүгээр сард нийслэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Уулзалтын үеэр ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх нийтийн тээврийг шинэчлэх төсөл ямар шатандаа явж байгаа, төслийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашдын төлөвлөгөө, системийн бүтцийн талаар танилцууллаа.
Тус төсөл нь нийтийн тээврийн хяналт удирдлагын систем,
мэдээллэх систем, автомат төлбөр хураалт гэсэн гурван дэд төслөөс бүрдэх бөгөөд бэлтгэл ажлаа базааж байгаа аж.
Уг төсөлд Монголын талаас Тор групп, Нама-Оч, Дата карт сервис, Жи-Мобайл, Худалдаа хөгжлийн банк, БНСУ-аас Кореа смарт карт, Zeus, Amola, Fores, KSCC компаниуд нэгдэж “Дата Карт консорциум” - ыг байгуулж “Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлж байгаа юм.
М.Болор