Гал үндэстэн холбооныхон өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр 1992 оны ардчилсан, иргэний, хүмүүнлэг нийгэм байгуулах зорилготой Үндсэн хуулийг өөрчлөх биш хэрэгжүүлэх нь чухал байна гэв.
Мөн Урт нэртэй хуулийг уландаа гишгэх явдал цөөнгүй байна. Тухайлбал Ноён уулын сав газарт 42 лиценз олгон мөн тус газарт хайгуул хийж буй “Сентерра Гоулд” компани алтны 75 тонн нөөц бий гэх нэрийдлээр Хүннү дээдсийн шарил, соёлын өв, түүхийн үнэт зүйлд халдах гэж байна. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул, туршилтын олборлолтоос шалтгаалан байгаль орчин, мал, амьтан, хүн амд учирсан хор холбогдлын талаар сумын иргэн Д.Норовсүрэн Гал үндэстэн холбоонд анх мэдэгджээ. Тус суманд нүдний ханиад гэх өвчин гараад 3 жил болж байна. Энэ нь ураны хайгуулын хор уршигтай холбон тайлбарлахаас өөрцгүй. Ундны усыг шинжлэхэд шаардлага хангахгүй гэж гарсан ч өнөөдрийг хүртэл тус сумын хүн ам, мал нь энэ уснаас ундаалсаар байна. Үүний цаана урт нэртэй хууль хэрэгжихгүйн балаг гарч байна. Цаашид энэ байдал үргэлжилсээр байвал тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ хэмээн Гал үндэстэн холбооны дэд тэргүүн Я.Хундаганай мэдэгдлээ.