2013 оны сүүлчээр гарсан эбола вирусын халдвар 2014 оны наймдугаар сар гэхэд дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал үүсгэх хэмжээнд хүрсэн. Улс орнууд энэ өвчний дэгдэлтээс хамгаалах, сэргийлэхэд олон арга хэмжээ авч байгаа бол Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргасан юм. Үүнийг үндэслээд Монгол Улсын Засгийн Газар тогтоол, Улсын онцгой комисс албан даалгавар гаргаж, эбола вируст халдвараас сэргийлэх, тэмцэх бэлэн байдлыг хангахад Засгийн газрын нөөцөөс 477 сая төгрөг гаргаж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнээс 56.2 сая төгрөгөөр ХӨСҮТ-ийн халдварт өвчний тусгаарлах тасгийг засварлаж, 11.2 сая төгрөгөөр тус тасгийн хүчилтөрөгчийн хийн хангамжийн системийг шинэчилж, 31.7 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангажээ. Эбола вируст халдварын үед хэрэглэх 39 төрлийн 409 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, долоон төрлийн багажийг захиалан улсын хэмжээнд хуваарилж байна.