Улсын хилээр 17 буга, 13 согоо, хоёр баавгай, нэг хүдрийн эд эрхтэн гаргахыг завдсан Хөвсгөл аймгийн харьяат гурван залууд Төмөр замын цагдаагийн хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэд энэ сарын 9-нд Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэгний 25 дугаар вагонд бугын цусан эвэр, чив, сүүл, баавгайн доньд, хүдрийн заар авч явсан аж. Өдгөө амьтдын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцуулахаар шинжээчдэд хандаад байгаа гэнэ. Нэг эр бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 6.6 сая төгрөг, согоо нь 7.5 сая, хүдэр гурван сая, хүрэн баавгай 6.5-7.5 сая төгрөгөөр тооцогддог. Дээрх хүмүүсийн байгаль экологид учруулсан хохирол ойролцоогоор 250 сая төгрөгөөр үнэлэгдэх бөгөөд хуульд зааснаар уг мөнгийг гурав дахин нугалж төлүүлэх юм. Тэгэхээр сэжигтэн Э, Н, Д нар хориотой ан хийсэн, эд зүйлийг нь хилээр гаргахыг завдсан хэрэгтээ хамгийн багадаа 700 гаруй сая төгрөг улсад төлнө.