Энэ сарын 1-14-ний хоорондох дуудлага мэдээллээс харахад нийслэлийн ЗЦГ-ын Шуурхай, удирдлага мэдээллийн төвийнхөн 3808 мэдээлэл хүлээн авснаас 3155 нь зам тээврийн ослынх байжээ. Ослын улмаас дөрвөн хүн нас барж, 155 хүн гэмтсэн гэнэ. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь насанд хүрсэн хүн, хоёр нь хүүхэд байжээ. Хамгийн сүүлд гэхэд уржигдар Яармагийн замд явган зорчигч Б зам хөндлөн гарч яваад машинд дайруулж нас барсан аж. Яармаг, Нисэхийн замд жолооч нар хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөгөөс болж маш их осол гардаг бөгөөд өнгөрсөн онд энэ замд 20 хүн амиа алдсан гэнэ. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Л.Амаржаргал “Нисэх, Яармагийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, улаан гэрлээр орох зөрчил их гаргадаг. Харин явган зорчигч нар ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд хууль дүрмээ баримтлан бие биедээ хүндэтгэлтэй хандах, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой явах, явган зорчигч нар гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж оролцох хэрэгтэй” гэсэн юм.