Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн Ус судлалын хэлтсийн технологич инженер Х.Пүрэвдагва өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-наас энэ оны нэгдүгээр сарын 3-ны хооронд Болгарын олон улсын Антарктид судлалын XXIII экспедицийн хамтарсан судалгаанд оролцсон юм. Тэрбээр судалгаагаа амжилттай дуусгаад өчигдөр эх орондоо ирлээ. Түүнтэй утсаар холбогдон сэтгэгдлийг нь сонсоход “Эрсдэл ихтэй газраас эсэн мэнд ирсэндээ баяртай байна. Ямартаа ч монгол хүн Антарктид судлалд оролцоно гэдэг маш том боломж. Антарктидын Ливингстоны арлын өмнөд булан орчмын цас, мөсний нөөц, хайлалт, хуримтлал, түүнд нөлөөлөх уур амьсгал, усны горимыг тогтоох зорилт тавин ажиллалаа. Судалгаагаа тус арлын өмн өд булан, Балканы хойгийн цасан хөндийд газар, орчны байдал, цасны нөхцөлөөс хамаарч найман цэгт хийсэн” гэв.
Антарктидад энэ жил маш их хур тунадас орсон учраас бүх байшин, цэвэр усны эх үүсвэр нь цасанд дарагдсан байжээ. Тиймээс тэрбээр очсон өдрөөсөө эхлэн буцах хүртэл судалгааныхаа ажлын хажуугаар цас ухах, ус зөөх, байшингуудын бохирын хоолой засах зэрэг бүх л ажилд гар бие оролцсон аж. Мөсөн тивд одоогийн байдлаар 29 орны 64 бааз байрлаж буй юм байна. Тэдгээрийн 16 нь зуны улиралд, 38 нь жилийн турш ажилладаг бол 10-аад нь шаардлагатай үед ашигладаг нөөц бааз гэнэ. Эдгээр баазад зуны оргил үед 4000, өвлийн улиралд 1000 орчим хүн ажиллаж, амьдардаг ажээ.
Ч.БОЛОРТУЯА