Зайсангийн гудамж, Энэбиш, Ард Аюушийн өргөн чөлөө зэрэг гудамжуудад байрлуулсан зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй сурталчилгааны самбаруудыг дүүргүүдтэй хамтран буулгахаар боллоо.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдаж 2015 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцсэн юм.. Хурлын үеэр Гадна сурталчилгааны зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмжийг дүүргүүдийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд тухайн дүүргүүдийн дэд бүтэц тохижилт хариуцсан Засаг даргын орлогч нарыг оруулахаар болсон байна.
Уг зөвлөл нь Улаанбаатар хотын хэмжээнд гадна сурталчилгааны журмын хэрэгжилт, норм дүрэм, зай хэмжээнд нь нэгдсэн хяналтыг тавин ажиллах юм. Дүүрэг бүр өөрийн нийтийн эзэмшлийн гудамжуудад ямар хэмжээтэй хэдэн ширхэг сурталчилгааны самбар байрлуулах боломжтойг зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зай хэмжээ, төлөвлөлтөө хийж олон нийтэд нээлттэй зарлах аж.
Ингэснээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилт хангагдах боломж бүрдэнэ.