Англид бүртгэлтэй “TBF International Group” Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Хот төлөвлөлт, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулдаг, сан хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг тус группийн гүйцэтгэх захирал Жэйсон “Бид Монгол Улсад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн. Үүний хоёр тэрбумын зарцуулалтын эрхийг Монголын Засгийн газарт үлдээх юм. Харин гурван тэрбумаар нь бүтээн байгуулалт болон том төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжтой” гэв. Хөрөнгө оруулах саналын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмчлөлийн болон олборлолтын тодорхой хувийг эзэмших, Тавантолгойн ордоос хил хүртэлх төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих хүсэлтээ Засгийн газарт мэдэгдээд буй аж. Тэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт барих 2020 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулж эхэлсэн байна.
Ц.Болор