Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын 2015 оны хөрөнгө оруулалтын төсвийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2014 онд 1584 ам метр хоёр агуулахын барилга, 432 ам метр талбайтай конторын барилга, 10 га газарт аж ахуйн хашаа, 6000 ам метр зам талбай, цахилгааны эх үүсвэр 160 кВт-ийн КТП, гүний худаг, зөөврийн нийтийн бие засах долоон газар, морь барианы газрын үзэгчдийн суудал, сэтгүүлчдийн индэр зэргийг байршуулж, тохижуулжээ.
Мөн аж ахуйн зориулалтаар бохирын автомашин, усны машин, өргөгч крантай автомашин, хогны машин, зам талбай цэвэрлэх бага оврын олон үйлдэлтэй трактор, таван ханатай гэр, асар майхан, 10 ханатай сийлбэртэй монгол гэр худалдан авсан байна. Ингэснээр Үндэсний их баяр наадам болон бусад уралдаан тэмцээн, олон нийтийн үйл ажиллагааг Хүй долоо худагт зохион байгуулах орчинг бүрдүүлжээ. 2014 онд нийслэлийн төсөвт 39 сая төгрөг төвлөрүүлэх байсан ч 85 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна.
Харин 2015 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 12 төрлийн худалдан авалт хийх саналтай байгаагаа албаныхан танилцууллаа. Үүнд цахилгаан автобус 15, Морь барианы газарт зурхайн хашаа 100 м, мэдээллийн самбар, амрах цэг, 1.5 км автозам шинээр барих, Хүй долоо худгийн жуулчны баазын гадна тохижилтын ажил зэрэг ажилд 2.2 тэрбус төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас батлуулахаар оруулж ирсэн төсвийн саналд шүүмжлэлтэй хандсан юм. Тухайлбал, амрагчдад зориулсан душ, жуулчны баазын гадна тохижилт, амрах цэг зэрэг зарим үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран шийдэх боломжтой. Төр хувийн хэвшлийнхэний хийдэг зүйлийг булаан авч хэрэгжүүлж болохгүй гэдэг дээр санал нэгдэж байсан.