Хэнтий аймгийн бүх сумдын хөгжлийн гарцыг тодорхойлж, 2020 он хүртэл хэрэгжүүлэх төслийн талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэнтий аймгийн ЗДТГ-аас сум орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аймгийн хөгжлийг дээшлүүлэх зорилго бүхий ажлуудыг өнгөрсөн онд хэрэгжүүлжээ. Энэхүү төслийг “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК боловсруулсан байна.
Төслийг танилцуулах үзэсгэлэн өнөөдөр МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд 17 цагт болох юм байна. “Сум, хөгжил, ирээдүй” үзэсгэлэнгээр сум орон нутгийн архетиктур, орон зайн төлөвлөлт, малчид дундын аж ахуй, Хэнтий аймгийн аялал жуулчлалын маршрут, сумдын түүх соёлын өвийг танилцуулах аж.
Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар ярихдаа, “Манай Хэнтий аймаг Эзэн Чингис хааны өлгий нутаг болохоор аялал жуулчлалын онцгой бүс нутаг. Энэ сайхан боломжоо ашиглан сум бүр хөгжих боломжтой. Мөн малын тоо толгой өссөнтэй холбогдуулан малчид дундын аж ахуйг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
“Манай компани сонгон шалгаруулалтаар энэхүү төслийг боловсруулах эрхийг авч, орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжилт нь гарсан.Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш сумдын иргэд, удирдлагуудтай уулзалтыг хэд хэдэн удаа хийж санал солилцсон. Хэнтий аймаг нь Эзэн Чингис хааны өлгий нутаг болохоор түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг онцгойлон авч үзсэн. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хот болон Шилийн гол аймгийн хөгжлөөс судалсан. Шилийн гол аймгаас эрчимжсэн мал аж ахуйг судалж сумдад хэрэгжиж болох туршлагыг төсөлд тусгасан. Төслийг зөвхөн зураг төсөл биш судалгаа голлосон амьдрал дээр буух орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх сайн төсөл болсон гэж үзэж байна.Төсөл хэрэгжсэнээр нийслэл хотын хэт төвлөрөл багасаж орон нутагтаа сайхан амьдрах боломж олгоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-ийн захирал М.Батбаяр ярив.