Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар Спортын төв ордонг шинэчлэн барих санамж бичигт гарын үсэг зурлаа. Спортын төв ордныг 1958 онд БНХАУ-ын тусламжаар барьж ашиглалтад оруулсан. Нийт талбайн хэмжээ 8165 ам метр, тэмцээн явуулах нэг, бэлтгэлийн долоон заал, албан тасалгаа бүхий 7700 ам метр ашигтай талбайтай. Тус ордонд жилд улсын болон олон улс, тив, дэлхийн 140 тэмцээн зохион байгуулагддаг байна. Жүдо, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, гимнастикийн спортын тоноглол бүхий бэлтгэлийн долоон зааланд үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчид бэлтгэл дасгалжуулалт хийдэг.
Түүнчлэн тус төвийн байранд спортын дунд сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас гадна Эрүүл мэнд, спортын яамны харьяа Спортын бэлтгэлийн төв болон Жудо бөхийн холбоо, Чөлөөт бөхийн холбоо, Боксын холбоо, Хүндийн өргөлтын холбоо, Гимнастикийн холбоо, Оюутны спортын холбоо, Паралимпийн хороо гэх төрийн бус байгууллагууд байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.
Спортын төв ордны барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр удаа гаргасан ч Үндэсний шигшээ багийн бэлтгэл дасгалжуулалт хийдэг үндсэн бааз болох тус барилгыг өнөөг хүртэл ашиглаж буй. Монголын үе үеийн алдарт тамирчдын хоёр дахь гэр болсон энэхүү ордонг шинчлэн барих асуудалд төрийн зүгээс байнга анхаарал хандуулж ажиллаж байсан бөгөөд өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонг барьсан БНХАУ-ын төрийн өмчит “Шанхай констракшн” компанитай санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Олимп-2040” санаачлага, Дэлхийн оюутны спортын “Универсиад 2033” их наадмыг Монгол Улсын нийслэл Улаабаатар хотод зохион байгуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “...Нийслэлд олон улсын стандартын дагуу 50 метрийн усан бассейн байгуулна” гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд олон улсын стандартад нийцсэн спортын барилга, байгууламж баригдах эхлэл үүгээр тавигдах юм. Шинээр барих Спортын төв ордон нь 50 метр усан бассейн, 2500 хүний суудалтай спорт, урлагийн төв заал, 1000 хүний суудалтай туслах заал, Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, дасгажуулалт хийх зориулалт бүхий бэлтгэлийн 30 гаруй заал, тамирчдад үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, бэлтгэл дасгалжуулалтад хяналт тавих лабротори, спортын сургууль, албан тасалгаа, зочид буудал бүхий цогцолбор байхаар төлөвлөжээ.