“Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах нь” сэдэвт үндэсний чуулга уулзалт өнөөдөр болж, эм зүйн салбарын 300 гаруй төлөөлөгч оролцлоо. Уулзалтыг нээж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар 2012 онд хийсэн судалгаагаар зах зээл дэх эмийн 19 хувь нь бүртгэлгүй, 14 хувь нь стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүн гарсан.
Эмч нар жор бичдэггүй, эмийн санч жоргүй эм олгодог нийтлэг дутагдал байсаар байгаа нь төр засгийн зүгээс тавих хяналт, зохицуулалт, эм хангамжийн салбарынханд хийх ажил нилээдгүй байгаагийн илрэл. Иймд эмийн аюулгүй байдлын нэгдсэн цахим тогтолцоог нэвтрүүлж, улмаар хүн амыг аюулгүй, баталгаатай эмээр хангаж, эмийг жороор олгож түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх үүднээс “Эмийн чанар, аюулгүй байдлын мэдээллийн тогтолцооны системийг нэвтрүүлэх” асуудлыг Засгийн газар дэмжин, бэлтгэл ажил хангагдлаа. Шийдлийн Засгийн газраас өндөр хөгжилтэй орнуудын шинэ дэвшилт технологи бүхий эм, хэрэгслийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх үүднээс эмийн бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчилж, эмийн хатуу зохицуулалттай орнуудад бүртгэсэн эмийг богино хугацаанд, чирэгдэлгүй бүртгэж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхээр анхаарал хандуулан ажиллаж байна” гэв.
Монгол Улсын эмийн үндэсний бодлогын тулгуур зарчмыг 1993 онд хуралдсан эмийн үндэсний бодлогын анхдугаар бага хурлаас томъёолсон байдаг. Энэ нь ДЭМБ 1970-аад оны дунд үеэс хүн амынхаа эмийн үндсэн хэрэгцээг хангах, тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн хүрээнд үйлчилгээний өндөр идэвхтэй, хор аюул багатай, боломжийн үнэтэй эмээр хангах бодлогыг дэвшүүлэн тавьсныг Монгол Улс хэрэгжүүлж эхэлсний гол илрэл болсон юм.