Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүүхдэд ээлтэй орон нутаг”-ийг бүрдүүлэх зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар “Хүүхдийн зусланг хөгжүүлэх” аймгийн хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
Сум бүрт “Засагт ханы хот айл” гэр зусланг шинээр байгуулан ажиллахын зэрэгцээ “Хөгжилтэй андууд” хүүхдийн зусланг сэргээн ажиллуулахаар уг хөтөлбөрт тусгагдсан байна. Аймгийн ХГБХХ-ээс аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлаг, албан газар байгууллагуудын дарга эрхлэгч нарыг хамруулсан ““Хүүхэд бүхэн инээж, хүн бүхэн баярлаж байг” нөлөөллийн өдөрлөгийг зохион байгуулж “Хөгжилтэй андууд” зуслангийн нөхцөл байдалтай танилцуулан “Шинэ санаа-шилдэг гарц” хэлэлцүүлэг хийлээ. Өдөрлөгт оролцсон 60 гаруй хүн аймгийнхаа бүх сум, нийт албан газар, байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд, хүүхэд багачуудад хандаж, бүх хүмүүс нэг өдрийнхөө цалинг хүүхэд багачуудынхаа хөгжлийн ээлтэй орчин бүрдүүлэхэд хандивлах, зуслангийн барилга, өрөө танхим, зам талбай, орчинг сэргээн засварлах, хүүхдүүд зусландаа хөгжилтэй дурсамж дүүрэн амрахыг уриалсан уриалга гаргалаа.