Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулахад хэдхэн хоног үлдлээ.
Гурван сая дахь иргэнээ хүлээж авна, урамшуулна, төрөлт нэмэгдсэн хэмээн ярьж буй ч амьдрал дээр нөхцөл байдал хүндхэн байна. УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл гурван сая дахь иргэнээ хүлээн авахад бэлэн эсэхэд хариулт авахаар Баянзүрх дүүргийн гуравдугаар төрөх, Сүхбаатар дүүрэгт байрлах хоёрдугаар амаржих газартай өнөөдөр танилцсан юм.
Хоёрдугаар амаржих газар нь 1959 онд байгуулагдсанаас хойш өдгөө 50 гаруй жил болж байна. 2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус эмнэлгийн байрыг шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гаргасан ч ямар ч арга байхгүй ажилласаар байгаа гэнэ. Энд эхчүүд нэг орон дээр хоёулаа хэвтэн эмчлүүлж, амарждаг аж.
Зөрөхөд ч түвэгтэй жижиг өрөөнд дөрвөн ээж өөд өөдөөсөө харан сууж, бүгчим халуунд нярай үрс уйлалдана.
Тус эмнэлэгт Сонгинохайрхан дүүргийн иргэд ихээр үйлчлүүлдэг байна. Энэ дүүрэг хөдөө орон нутгийн шилжилт хөдөлгөөн ихтэй байдаг учраас эмнэлэгийн ачаалал их байгаа аж. Иймээс нярайг эсэн мэнд амаржуулахын тулд газраар ч хамаагүй авч байгааг эмч нар учирлаж байна. Тус эмнэлэгт өнгөрөгч онд 5000 гаруй эх амаржжээ.
Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын ерөнхий эмч Б.Оюунханд “Манай эмнэлэгт тулгамдаж байгаа асуудал их . Эмнэлэгийн байр 50 гаруй жил болчихсон, хуучирсан байдалтай байна. Агааржуулалтын систем муу, өрөөнүүдийн хана бэхэлгээтэй байдаг. Газар хөдөлбөл эхчүүдийн аюулгүй байдлыг хамгаалах боломжгүй. Мөн дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний асуудал хүндхэн байна. Нэг орон дээр хоёр эх хэвтэж, өдөртөө 20 хүүхэд төрж байна. Өдөрт дунджаар 10 хагалгаа хийдэг. Өнөөдрийн байдлаар төсөв орж ирээгүй. Гэхдээ хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа тохиролцоод нэг удаагийн багаж хэрэгсэл, бусад нөөцөө хангасан” гэлээ.
Тэд ийнхүү зээлээр эмийн нөөцөө хангахад хүрчээ. Хүн амаа өсгөхийн тулд зөвхөн төрөлтийг нэмэгдүүлэхэд анхаарч, эх нялхсын тусламж үйлчилгээтэй холбоотой дэд бүтцийг орхигдуулсан өрөөсгөл бодлого хэрэгжүүлснээр амаржих газрын ачаалал ихэсч, төмөр тороор хэрж бэхэлсэн ашиглалтын хугацаа дууссан барилгад эхчүүд төрөхөд хүрч байна.
Нийтдээ 300 мянга гаруй хүн амтай Нийслэлийн Баян зүрх дүүрэгт байрладаг III дугаар төрөх эмнэлэг нь 45 ортой, 32 эмч, 118 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн тус эмнэлгийн ерөнхий эмч Д.Бат Очир танилцуулсан.
Тэрээр мөн сүүлийн үед эх барих мэргэжлийг эзэмших залуус ховордсон. Суралцаад төгсөж байгаа нэг нь хариуцлагагүй, сурсан мэдсэн зүйл тааруу байгаа хэмээн ярилаа. Хэрэв нэг дор гурван хагалгаа хийх хэрэгтэй болбол “гал алдана” хэмээж байв.
Уг нь тус төрөхийн 150 ортой шинэ байр удахгүй ашиглалтанд орно. Гэтэл ийм нөхцөлд үйл ажиллагаа явуулсаар байгаа төрөхийн шинэ байрны төсвийг танаж мэдэхээр нөхцөл байдал үүсчээ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Ийм хүнд нөхцөл байдлыг бусад гишүүдэд хэлж, ядаж эрүүл мэндийн салбарын төсвийг танах боломжгүй гэдгийг ойлгуулахын тулд бид эмнэлгүүдтэй танилцаж байгаа. Эмэгтэйчүүдийн бүлгийн зүгээс танай төрөхийн барилгын төсвийг хэвээр үлдээх бүх л арга хэмжээг авна” гэв.
Өнөөдөр амаржих газруудын нөхцөл байдалтай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл нар танилцсан юм.
Олон хүүхдийг дамждаг бор даавуу үеэ элээж үүний оронд цомог буюу халат, малгай, маск, улавч, памперс, бээлий,хярзан хамгаалах даавуу зэргийг багтаасан иж бүрдэлийг хэрэглэдэг болжээ. Гэтэл энэ жил төсвийг хассанаас хүүхдүүдийг дахиад л бор даавуунд боохоос аргагүйд хүрч болзошгүй хэмээн гишүүд халаглаж байна.
Бодит нөхцөл байдалтай танилцсан эмэгтэй гишүүд эрүүл мэнд, ялангуяа төрөх эмнэлгүүдийн төсвийг бууруулснаар гурван сая дахь иргэнээ хүлээн авахад томоохон хүндрэл үүсэхийг онцлоод бид энэ тал дээр санал нэгдэн, олон нийт, бусад гишүүдэд ойлгуулахаар ажиллана гэдгээ энэ үеэр амаллаа.
М.Болорцэцэг