УИХ-ын гишүүн М.Зоригт тойрогтоо ажиллаж буй. Тэрбээр Сүхбаатар аймгийн Асгат сумын иргэдтэй уулзсаны дараа аавынхаа төрсөн нутаг болох Эрдэнэцагаан сумыг зорьсон юм. Нутгийн иргэдтэй хийсэн уулзалт нэлээд ширүүн, маргаантай боллоо. Тус сумын ИТХ-д АН 14, МАН 13 суудалтай ч сонгуулийн маргаан нь одоо хүртэл үргэлжилж, Ардын намаас сонгогдсон төлөөлөгчид нь хуралдаа суухгүй байгаагаас ИТХ-ын үйл ажиллагаа доголдолтой байгаа юм. Энэ нь ч маргааны сэдэв болж байлаа. УИХ-ын гишүүн М.Зоригт тэдэнд хандаж, итгэл хүлээлгэж сонгосон иргэдийнхээ сонголтыг хүндэтгэн, хуралдаа сууж, хяналтаа сайжруулж, намчирхаж талцалгүйгээр нутаг орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх шаардлагатай байгааг хатуухан санууллаа.
Эрдэнэцагаанчуудын зүгээс “Шинэчилсэн сум” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил удаашралтай, хөрөнгө санхүүгийн зарцуулалт нь иргэдэд нээлттэй бус байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Мөн Эрдэнэцагаан сумын нутагт нүүрс олборлож буй компаниудыг хааж, үйл ажиллагааг нь зогсоосныг Сүхбаатар сумын нутаг дахь Хөөтийн уурхайг дэмжих гэснийх, учир нь тус уурхайн “нууц ноёнтон” нь М.Зоригт байдаг, М.Зоригт гишүүн өөрөө сайд болох гэж Шинэчлэлийн Засгийн газрыг унагаасан уу гэх зэрэг иргэдийн дунд хар сэр дагуулсан асуудлуудад тодорхой хариулт өгсөн юм.
Тус суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Талын долгион” телевиз байгуулагджээ. Телевизийн хувьд студийн байргүй байгаа нь зочин урих, дотор зураг авах зэрэгт бэрхшээл учруулж байгаа аж. Энэ асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарал тавина гэдгээ М.Зоригт гишүүн хэллээ. “Талын долгион” телевизийн цомхон бөгөөд сэтгэл зүтгэлтэй баг Өвөрмонголын Зүүн Хатавч хошууны телевизтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж, эхний ээлжинд контент солилцохоор тохиролцож чадсан байна.
УИХ-ын гишүүн М.Зоригтоор ахлуулсан багийнхан Эрдэнэцагаан суман дах дугаар цэргийн ангид буудалласан бөгөөд тус ангийн авъяаслаг албан хаагчид “Эх орны хилээс” сэдэвчилсэн урлагийн тоглолт үзүүлж сонирхуулсан юм. М.Зоригт гишүүний багийн бүрэлдэхүүнд дуучин Д.Намсрайноров багтсан бөгөөд тэрбээр нутгийн иргэдэд ая дуугаа өргөж, “мини” концерт тоглож байгаа. Мэргэжлийн дуучдаас дутахгүй, сонирхолтой тоглолт толилуулсан цэргийн ангийнханд хөгжим аппаратурыг нь шинэчлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ нутгийн гишүүн болон дуучин Д.Намсрайноров нар амласан.
Сумдад зохион байгуулж буй уулзалтын үеэр УИХ-аар хэлэлцэж буй Малын хөлийн татварыг дэмжиж байгаа эсэхийг иргэдээс асуухад эхний удаад нэг ч хүн гар өргөхгүй байв. Харин энэ татварыг сум, орон нутгийнхаа хөгжилд өөрсдөө мэдэн зарцуулах эрхтэй, шаардлагагүй гэж үзвэл энэ төрлийн татварыг малчдаас авахгүй байсан ч болно гэдгийг тайлбарласны дараа дээрх асуултыг дахин тавихад нэлээд тооны хүмүүс дэмжин гар өргөж байгаа харагдана. Мөн төрийн албанд ажиллагсад тэтгэвэрт гарахад нэг удаа олгодог тэтгэмжийн хэмжээг бууруулах гэж байгаа нь үнэн үү гэсэн асуултыг иргэдийн зүгээс тавьж байлаа. Энэ тухайд бууруулах биш бага тэтгэмж авдаг хүмүүсийн тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар тэгшитгэх бодлого барьж байгааг тайлбарласан юм. Ерөнхийдөө УИХ-аас баталсан болон хэлэлцүүлгийн түвшинд байгаа хуулийн төслүүдийн талаар иргэд мэдээлэл муутай байгаа нь ажиглагдаж байлаа.